
Азербайжан, Армений зэвсэгт хүчний хооронд дахин дайн дэгдэхэд хүргэж магадгүй гэж олон улс болгоомжилж байсан Уулын Карабах бүсэд гал зогсоох хэлэлцээр мөрдөгдөж эхэлснээр, зэвсэгт мөргөлдөөн ерөнхийдөө намжсан байдалтай байна. Армен, Азербайжаны цэргийн өндөр дээд албан тушаалтнууд өнгөрсөн мягмар гарагт ОХУ-ын нийслэл Москва хотноо уулзаж, Уулын Карабах бүс нутагт гал зогсоохоор хэлэлцэн тохирсон юм.
Уулын Карабах нь албан ёсоор Азербайжаны харьяа газар нутаг боловч армен угсаатны босогчдын хяналтад байдаг. Тус бүс нутагт 3 хоног үргэлжилсэн ширүүн байлдааны үеэр талууд пуужин, хүнд их буу хүртэл ашиглаж байсан. Харин Азербайжаны цэргүүд Мягмар гарагийн үд дундаас эхлэн гал зогсоох хэлэлцээрийг мөрдөж эхэлсэн талаар тус улсын Батлан хамгаалах яам мэдээлж байна. Гэвч Армений зэвсэгт хүчин өчигдөр хэд хэдэн удаа гал зогсоох хэлэлцээрийг зөрчин, Азербайжаны цэргийн байршлууд руу миномет харвасан гэж Азербайжаны Батлан хамгаалах яам мэдэгдээд, Армений энэ үйлдлийг эрс буруутгасан байна.
Армений өдөөн хатгалгыг үл харгалзан Азербайжаны цэргүүд хариу гал нээгээгүй гэж тус яамны хэвлэлийн төлөөлөгч мөн мэдээлжээ. Харин Уулын Карабах бүс нутгийн босогчид гал зогсоох хэлэлцээрийг чанд мөрдөж байгаа гэдгээ хариу мэдэгдэж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр тус бүс нутагт эхэлсэн зэвсэгт мөргөлдөөний үеэр наад зах нь 63 хүн амь үрэгдсэн юм.
Уулын Карабахт гал зогсоох хэлэлцээр мөрдөгдөж байна | ||
Үзсэн: 959 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.