
Өчигдөр ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев Уулын Карабахт үүссэн хурцадмал байдалтай холбогдуулан Армен улсад айлчиллаа. Тэрээр айлчлалынхаа эхэнд 1915 онд Османы эзэнт гүрний цэргүүдийн гарт амь үрэгдсэн арменчуудын дурсгалын хөшөөнд цэцэг өргөсөн байна. Түүхч мэргэжилтнүүд дэлхийн нэгдүгээр дайны үед Османы эзэнт гүрний үндэстний цөөнх байсан 800 мянгаас 1,5 орчим сая армен хүн цэргүүдийн гарт амь үрэгдсэн гэж тооцоолдог.
Гэхдээ ийнхүү үй олноор амь үрэгдсэн арменчууд геноцид биш, харин тухайн үед дэгдээд байсан иргэний дайн хямралын хохирогчид гэж Туркийн тал тайлбарладаг юм. Амь үрэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөсний дараа Дмитрий Медведев Армены ерөнхий сайд Овик Абраамянтай уулзлаа. Талууд Уулын Карабахт гал зогсоох тухай хэлэлцээрийн хэрэгжилт болон бусад асуудлыг хөндөн хэлэлцсэн байна.
Өнгөрсөн мягмар гарагт Армен, Азербайжаны цэргийн өндөр дээд тушаалын төлөөлөгчид Москвад уулзаж, гал зогсоох хэлэлцээр байгуулсны дараа Азербайжаны харьяа Уулын Карабах бүс нутагт 4 хоног үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөн харьцангуй намжмал байдалд шилжээд байна. Цаашид гал зогсоох хэлэлцээрийг чандлан мөрдөж, энэ асуудлаар улс төрийн яриа хэлэлцээ эхлүүлэхийг ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев талуудад уриалсан байна. Үүнээс гадна ОХУ Армен улсад нийлүүлж байгаа байгалийн хийн мянган шоо метр тутмынхаа үнийг 15 доллараар хямдруулж, 150 доллараар худалдаалахаар тохиролцсныг хоёр орны ерөнхий сайд хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
ОХУ-ын ерөнхий сайд Д.Медведев Армен улсад айлчиллаа | ||
Үзсэн: 1181 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.