
Европын холбоо, Туркийн байгуулсан гэрээний хүрээнд Грекээс албадан буцаагдах цагаач дүрвэгчдийн хоёрдугаар ээлжийг өнөөдөр 2 хөлөг онгоцоор Турк руу илгээх гэж байна. Тус гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Грект орогнол эрэх хүсэлт гаргаагүй, эсвэл ийм өргөдөл нь буцаагдсан 200 гаруй цагаач дүрвэгчийг өнгөрсөн даваа гарагт Грекийн арлуудаас Турк руу гурван хөлөг онгоцоор албадан буцаасан юм.
Үүний дараа олон тооны цагаач дүрвэгч Грект орогнол эрэх өргөдөл нэгэн зэрэг гаргасантай холбоотой түр зогсоод байсан албадан буцаах ажил өнөөдөр үргэлжлэхээр болсон байна. Европын холбоо, Туркийн байгуулсан гэрээ ёсоор гуравдугаар сарын 20-ны өдрөөс хойш Туркээс Грекийн арлуудад хүрч очсон, орогнол эрэх өргөдөл гаргаагүй, эсвэл тус өргөдөл нь буцаагдсан цагаач дүрвэгчдийг Турк руу албадан буцааж байгаа. Эндээс Сирийн дүрвэгчдийг Турк дэх дүрвэгчдийн хуарангуудад тараан байрлуулах бол, бусад улс орны цагаач дүрвэгчдийг албадан буцаах төвүүдэд аваачих юм. Европын холбоо гэрээгээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлсэн нөхцөлд л гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллана гэдгээ Туркийн ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган өчигдөр анхааруулсан байна.
Турк Грекээс цагаач дүрвэгчдийг буцаан авсны хариуд Европын холбоо тус улсад 3 тэрбум еврогийн тусламж үзүүлэх, Туркийг Европын холбоонд гишүүнээр элсүүлэх тухай яриа хэлэлцээг эрчимжүүлэх, ирэх зургаадугаар сарын эцэс гэхэд Туркийн иргэдэд Шенгений бүсэд визгүй зорчих эрх олгох үүрэг хүлээсэн юм.
Грекээс Турк руу цагаач дүрвэгчдийг албадан буцаах ажил өнөөдрөөс үргэлжилнэ | ||
Үзсэн: 792 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.