
Өчигдөр АНУ-ын Сансар судлалын агентлаг НАСА Олон улсын сансрын станцын зай талбайг хямд өртгөөр өргөтгөх боломжийг олгох Бигелоу хийлдөг өргөтгөлийн модулийг сансарт хөөргөлөө. 1400 гаруй кг жинтэй энэ модулийг Бигелоу Эйрспейс компани НАСА-тай байгуулсан 17,8 сая долларын гэрээний хүрээнд зохион бүтээсэн байна. Автомашины гаражтай ойролцоо эзлэхүүн бүхий Бигелоу өргөтгөлийн модулийг Олон улсын сансрын станцтай залгасны дараа хийлж, тусдаа өрөө маягаар ашиглах юм байна. Хийлдэг модулийн бат бөх чанарыг хангах, сансар дахь хиймэл дагуулын үлдэгдэл болон бусад хог хаягдал, хатуу биеттэй мөргөлдөхөд гэмтэхээргүй гадаргуу бүтээхийн тулд сум нэвтэрдэггүй хантааз хийхэд ашигладагтай төстэй материал ашигласан байна.
Иймээс Бигелоу хийлдэг модулийн гадаргууд сансрын хаягдал гэмтэл учруулахгүй гэдэгт НАСА-гийн эрдэмтэд итгэлтэй байна. Бигелоу модулийг Олон улсын сансрын станцад залгасны дараа шууд ашиглалтад оруулахгүй, харин бат бөх чанар, хий алдагдал, бүтцийн тогтвортой байдал зэргийг нь 2 жилийн хугацаатай турших юм байна. Олон улсын сансрын станцад ажиллаж байгаа сансрын нисгэгчид хийлдэг модульд 4 сар тутамд нэг удаад 3 цагийн хугацаатай орж, туршилтын хэмжилт хийхээс гадна бусад талын ажиглалт явуулах юм байна. Бигелоу сансрын хийлдэг модуль бат бөх хийцтэй, ашиглахад тохиромжтой гэдэг нь энэ туршилтаар тогтоогдвол сансар судлалын ирээдүйд том хувьсал хийнэ гэж шинжээчид үзэж байна.
Эвхэгдсэн байхдаа бага зай талбай эзлэх энэ модуль сансарт илүү их бараа бүтээгдэхүүн хадгалах бололцоог нээж, ачаа тээвэрлэхэд зарцуулдаг зардлыг хэмнэх, улмаар ирээдүйд сар, ангараг гараг болон бусад жижиг гарагт судалгааны экспедици явуулахад сансрын нисгэгчдийн амьдрах байр болгон ашиглах ч боломжтой гэдгийг НАСА онцолж байна.
НАСА Олон улсын сансрын станцад хийлдэг өргөтгөл залгана | ||
Үзсэн: 2293 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.