
Энэтхэгийн хинди шашны сүмд салютаас үүдэлтэй дэлбэрэлт болж, гал гарсны улмаас амь үрэгдсэн хүний тоо 100 давж, үүнээс гадна 400 орчим хүн гэмтэж шархаджээ. Энэтхэгийн өмнөд хэсэгт оршдог Керала мужийн хинди шашинтнууд дөрөвдүгээр сард шинэ оноо угтан авч, Вишу наадмыг тэмдэглэдэг уламжлалтай. Гэрлийн наадам ч гэгддэг энэ баярыг тохиолдуулан салют буудуулах ёслолыг үзэж сонирхохоор олон мянган хүн Путтингал сүмд цуглажээ. Гэвч асаатай байсан салют ойролцоо хадгалаастай байсан бусад салют дээр унаснаас үүдэн хүчтэй дэлбэрэлт болсон байна.
Дэлбэрэлтийн улмаас сүмийн барилга нурсан нь олон хүн амь үрэгдэх гол шалтгаан болжээ. Цагдаа нарын мэдээлж байгаагаар тус сүм салют буудуулах зөвшөөрөлгүй байсны зэрэгцээ баярын үеэр галын наадам, салют буудуулахгүй байх анхааруулга урьдаас авсан байна. Гэвч Путтингал сүмийнхэн холбогдох албаныхны анхааруулгыг үл харгалзан жил тутам зохион байгуулж заншсан уламжлалынхаа дагуу салют буудуулах ёслолыг зохион байгуулсан аж. Сүмд болсон дэлбэрэлтийн цаад учир шалтгааныг тодруулах мөрдлөг шалгалт эхэлсэн байна.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өөрийн биеэр Керала мужид хүрэлцэн очиж, нөхцөл байдалтай танилцжээ. Тэрээр үгээр илэрхийлэмгүй эмгэнэлтэй, цочирдом үйл явдал болж өнгөрлөө гээд амь үрэгдэгсдийн ар гэрт гүнээ эмгэнэл илэрхийлсэн байна. Путтингал сүм нь тус бүс нутгийн хамгийн эртний сүм дугануудын нэгд тооцогддог. Жил бүр хинди шашны шинэ оны салют буудуулах ёслолыг үзэж сонирхохоор тус сүмд орон нутгийн иргэд төдийгүй гадаадын жуулчид олноор хүрэлцэн очдог юм.
Энэтхэгийн сүмд салют дэлбэрсний улмаас 100 гаруй хүн амь үрэгджээ | ||
Үзсэн: 713 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.