Шууд Chart

"Их-7"-гийн бүлгийн орнуудын гадаад хэргийн сайд нар Хирошимад уулзаж байна

2016-04-11 17:19:04

“Их 7”-гийн бүлгийн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалт өчигдөр Японы Хирошима хотод эхэлсэн. Уулзалтын хүрээнд товлогдсон өнөөдрийн нэг гол үйл ажиллагаа буюу Хирошимагийн энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд цэцэг өргөх ёслол олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж байна. Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд Хирошима хот АНУ-ын хаясан атомын бөмбөгөнд бараг бүрэн сүйдсэн түүхтэй. Энэ үеэр амь үрэгдсэн 140 мянга гаруй хүний дурсгалд зориулсан цэцэрлэгт хүрээлэнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга түүхэнд анх удаа очиж, хүндэтгэл үзүүлэх гэж байгаа юм.

Өчигдөр Японы гадаад хэргийн сайд Фумио Кишида цөмийн зэвсгээс ангид дэлхийг бий болгох уриалга дэвшүүлснээр “Их 7”-гийн бүлгийн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалтыг нээсэн байна. Гэхдээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Хирошимагийн энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр зочлох үеэрээ Японы ард түмнээс албан ёсоор уучлал гуйх төлөвлөгөөгүй байгааг АНУ-ын дээгүүр албаны хүн мэдээлсэн байна.

Өчигдөр Хирошима хотын эргийн боомтод байрлалтай “Гранд Принс” зочид буудалд гадаад хэргийн сайд нарын хаалттай уулзалтыг зохион байгуулсан. Германы гадаад хэргийн сайд Хятадад айлчилсны дараа нисэх онгоцонд нь техникийн саатал гарсны улмаас өчигдөр төлөвлөгдсөн албан ёсны бүх үйл ажиллагаа болон Японы гадаад хэргийн сайд Фумио Кишидатай хийх уулзалтад оролцох боломжгүй болжээ.

Гадаад хэргийн сайд нарын уулзалтын хөтөлбөр, хэлэлцэх асуудлын жагсаалтад бусад байдлаар өөрчлөлт ороогүй байна. Энэ удаагийн уулзалтаар дэлхийг цөмийн зэвсгээс ангид болгох, хил дамнасан терроризмтой тэмцэх, Азийн хэд хэдэн орон газар нутгийн маргаантай байдаг Өмнөд Хятадын тэнгисийн бүсэд навигацийн эрх чөлөөг хамгаалах асуудлыг хөндөн хэлэлцэж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

"Их-7"-гийн бүлгийн орнуудын гадаад хэргийн сайд нар Хирошимад уулзаж байна  
Үзсэн: 681 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй