Шууд Chart

Украины ерөнхий сайд үүрэгт ажлаасаа огцорно

2016-04-11 17:24:30

Украины ерөнхий сайд Арсений Яценюк үүрэгт ажлаасаа огцрохоор шийдвэрлэсэн байна. Тэрээр өчигдөр телевизээр ард түмэндээ хандан үг хэлэх үеэрээ энэ тухай зарлаж, огцрох албан ёсны хүсэлтээ энэ мягмар гарагт парламентдаа хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Украинд 2014 онд болсон төрийн эргэлтээс хойш тус улсын Засгийн газрыг толгойлж байгаа Арсений Яценюкийг дэмжигч ард иргэд сүүлийн саруудад тогтмол цөөрөх хандлагатай байгаа юм.

Төрийн эргэлтийн дараа Украинд хийхээр амласан шинэчлэлээ амжилттай хэрэгжүүлж чадаагүйгээс гадна эдийн засгийн хямралыг зогсоох шийдтэй арга алхам авч чадахгүй байгаад Яценюкийн тэргүүлсэн засгийн газрыг ард түмэн нь буруутгаж байгаа юм. Арсений Яценюк ерөнхий сайдын албан тушаалаас огцорч байгаагаа Твиттер цахим хуудсаараа зарлахдаа Украины гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг хангахын тулд шинэ засгийн газар нэн даруй байгуулахыг уриалсан байна.

Украины ерөнхийлөгч Петро Порошенкогийн нам парламентын дарга Владимир Гройсманыг шинэ ерөнхий сайдад нэр дэвшүүллээ. Та бүхэнд эргэн сануулахад, Петро Порошенко Арсений Яценюкийг үүрэгт ажлаасаа огцрохыг өмнө нь уриалж байсан. Улмаар өнгөрсөн хоёрдугаар сард Украины парламент ерөнхий сайддаа итгэл үзүүлэх эсэх тухай санал хураалт явуулахад Арсений Яценюк тун бага саналын зөрүүгээр үүрэгт ажилдаа хэвээр үлдсэн юм. Одоо Петро Порошенко өөрийн намын хүнийг ерөнхий сайдаар томилж чадвал түүний эрх мэдлийг бататган бэхжүүлэх томоохон алхам болно гэж ажиглагчид дүгнэж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Украины ерөнхий сайд үүрэгт ажлаасаа огцорно  
Үзсэн: 568 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй