Шууд Chart

Грек, Македоны хил дээр цагаач дүрвэгчид үймээн дэгдээжээ

2016-04-12 08:00:09

Грек, Македоны хил дээр гарсан мөргөлдөөний улмаас 300 орчим цагаач дүрвэгч болон цөөн тооны цагдаа гэмтэж, шархаджээ. Грекийн Идомени тосгон дахь дүрвэгсдийн хуаранд байрлаж байгаа цагаач дүрвэгчид Македоны босгосон хаалтыг эвдэн, хууль бусаар хил давах гэж оролдсоноос мөргөлдөөн үүссэн байна. Македон улс Гректэй залгаа хилээ хаасны улмаас 11 мянга гаруй цагаач дүрвэгч Грекийн нутаг дэвсгэрт гацаад байгаа юм.

Үймээн өдөөсөн цагаач дүрвэгчдийг тараахын тулд Македоны цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглажээ. Үймээнд оролцсон төдийгүй дүрвэгсдийн хуаранд байсан гэмгүй номхон цагаач дүрвэгчид, мөн тус бүс нутагт ажиллаж байсан хэвлэлийн агентлагуудын сэтгүүлч, зураглаачид нулимс асгаруулах хийнд өртсөн талаар мэдээ ирж байна. Мөн цагаач дүрвэгчид цагдаа нарын эсрэг чулуу шидсэн талаар зарим хэвлэлд мэдээлжээ.

"Хил хязгааргүй эмч нар" олон улсын байгууллага энэ үйл явдалтай холбогдуулан Грек, Македоны хил рүү эмнэлэгийн тусламж үзүүлэх явуулын нэгжүүд илгээсэн байна. Эдгээр нэгж амьсгал нь боогдсон, мөн резинэн суманд оногдсон 300 орчим цагаач дүрвэгчид эмнэлэгийн тусламж үзүүлжээ. Үймээнийг тараахаар ажилласан Македоны хууль сахиулах албан хаагчдаас 15 хүн гэмтэж шархадсан бөгөөд тэднээс 5-ынх нь биеийн байдал хүнд байгаа талаар Балкан Ньюсбит агентлаг мэдээлсэн байна. Цагаач дүрвэгчдийн шидсэн чулуунд Македоны цагдаагийн авто машинууд болон олон тооны тоног төхөөрөмж оногдож, эвдэрсэн талаар тус агентлаг мөн уламжилсан байна. Македоны эрх баригчид хилийн энэ үймээнтэй холбогдуулан Идомени дэх дүрвэгсдийн хуарангийн залгаа хилдээ цэрэг, цагдаагийн нэмэлт хүч илгээхээр болжээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Грек, Македоны хил дээр цагаач дүрвэгчид үймээн дэгдээжээ  
Үзсэн: 1148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй