Шууд Chart

Испаничууд Гринвичийн стандарт цагт шилжинэ

2016-04-12 08:04:34

Испанид ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, Гринвичийн стандарт цагт шилжих саналыг тус улсын ерөнхий сайд Мариано Рахой гаргасан байна. Дэлхийн Хоёрдугаар дайны үед Германыг даган Европын хэд хэдэн орон, тэдгээрийн дунд Испани улс өдрийн гэрлийг үр дүнтэй ашиглах, эрчим хүч хэмнэх зорилгоор цагаа урагшлуулсан түүхтэй. Гэхдээ дайны дараа олонх орон цагаа эргүүлэн ухраасан бол Их Британитай бараг адил уртрагт оршдог Испани цагаа ухраалгүй, Гринвичийн цагаас 1 цагаар түрүүлсэн хэвээр үлдсэн юм.

Тус улс мөн зуны цагийн тооллыг мөрддөг гэдгийг харгалзаж үзвэл Испаничууд хуучин цагаасаа бүр хоёр ч цагаар түрүүлж байна гэсэн үг. Цагийн энэ гажуудлыг арилгах, мөн ажлын цагийг богиносгохоор төлөвлөж байгаагаа Испанийн ерөнхий сайд зарласан байна. Испанид үд дунд дуг хийх уламжлалаас улбаатайгаар үдийн цайны цаг бусад орны төр, хувийн хэвшлийн байгууллагуудаас харьцангуй урт буюу хоёр цаг гаруй үргэлжилдэг.

Иймээс Испаничуудын ажлын цаг хамгийн эртдээ 19 цагт дуусдаг юм. Ажлын цагийн энэ хоцрогдсон хуваарьт шинэчлэл хийснээр хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулах, оройн хоолны цагийг урагшлуулах зэргээр эдийн засаг, иргэдийн эрүүл мэндэд ч сайн үр нөлөө үзүүлнэ гэж шинжээч мэргэжилтнүүд үзжээ. Испанийн иргэдийн 60 орчим хувь, тэр дундаа хот суурин газарт ажиллаж байгаа хүмүүс үдийн цайгаараа гэртээ харьж, дуг хийх боломжгүй болсон бол 16 хувь нь энэ уламжлалаа өнөөг хүртэл дагасан хэвээр байна. Гэхдээ албан байгууллагуудын цайны цагийг богиносгох нь хувиараа аж ахуй эрхлэгчид үд дунд дуг хийх уламжлалаа дагаж мөрдөхөд саад болохгүй гэж албаныхан тайлбарлаж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Испаничууд Гринвичийн стандарт цагт шилжинэ  
Үзсэн: 1540 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй