
БНХАУ-ын Шэньжэнь хотноо энэ сарын 8-10-нд Хятадын мэдээллийн технологийн дөрөв дэх удаагийн үзэсгэлэн зохион байгуулагдлаа. Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам, Шэньжэнь хотын захиргаанаас хамтран зохион байгуулсан энэ үзэсгэлэн цар хүрээгээрээ Ази тивд хамгийн томд тооцогддог юм. Энэ оны үзэсгэлэн өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг интернэтэд холбох болон мэдээллийн аюулгүй байдлыг хангах гэсэн хоёр гол сэдвийг онцолж, олон улсын 1700 гаруй компанийн 10 мянга гаруй шинэ технологи, бараа бүтээгдэхүүн, мөн урьд жилүүдийн үзэсгэлэнгүүдэд оролцож байсан 6 мянга гаруй шилмэл бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцуулсан байна.
Эдгээр бараа бүтээгдэхүүний дотор хавтгай дэлгэц, гурван хэмжээст хэвлэлийн төхөөрөмжүүд, үйлдвэрийн робот, ухаалаг системүүд, литийн батерей, цахилгаан авто машинууд зэрэг байлаа. Мөн баяжуулсан бодит байдлын технологийг шүхэрчдийн сургалтад ашиглах системийг энэ удаагийн үзэсгэлэнд танилцуулсан байна. Системийн тусламжтайгаар өндрөөс айх айдсыг дарах, шүхрээ задлах, залах, заасан цэгт газардах зэргийг сургуулилах боломжтой болжээ.
Мөн гэр ахуй хэрэгслүүдэд ч баяжуулсан бодит байдлын технологийг ашиглаж эхэлсэн байна. Цаашид энэ технологийг боловсрол, аялал жуулчлал, худалдаа болон бусад салбарт ашигладаг бас нэгэн хэрэглүүр болгохоор үзэсгэлэнд оролцогч Хятадын компаниуд зорьж байна. Үзэсгэлэнг сонирхогчдыг хөгжөөхөөр Хятадын хаврын баярын гала тоглолтод оролцсон робот бүжигчид үзүүлбэрээ толилуулсан байна. Мөн харилцаа холбоо болон бусад салбарын роботууд энэ удаагийн үзэсгэлэнгийн сонирхол татсан бараа бүтээгдэхүүний нэг байлаа. Хүний царай таних системийн тусламжтайгаар сэжигтний жагсаалтад орсон этгээдийг илрүүлэх, мэдээлэх чадвар бүхий робот үзэсгэлэнгийн үеэр аюулгүй байдлыг сахиулах ажилд оролцсон байна.
БНХАУ-д мэдээллийн технологийн үзэсгэлэн яармаг болов | ||
Үзсэн: 619 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.