
Өнөөдөр хүн анх сансарт ниссэний 55 жилийн түүхэн ой тохиож байна. Энэ ойд зориулан дэлхийн 50 гаруй оронд 200 гаруй үйл ажиллагаа өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлэн зохион байгуулагдаж эхэллээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 65 дахь удаагийн чуулганаар жил бүрийн 4-р сарын 12-ны өдрийг “Хүн сансарт ниссэний олон улсын өдөр” болгон тэмдэглэж байх тухай тогтоол баталсан байдаг. ЗХУ-д 1962 оноос хойш сансрын нисэгчдийн өдөр нэрийн дор энэ баярыг өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн. Энэ онд тус улсад 4 сансрын нисэгчдийн өдөрт зориулан 4 том үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Харин олон улсын хэмжээнд энэ өдрийг баяр гэх утгаар нь тэмдэглэх санаачилгыг 2000 онд сансар судлалын салбарт нөлөө бүхий гурван эрхэм гаргаж, “Юрий’с Найт” байгууллагыг үндэслэсэн юм. Тус байгууллага 2001 он буюу Юрий Гагарин сансарт ниссэний 40 жилийн ойн өдрөөр “Юрийгийн шөнө” буюу “Дэлхийн сансар судлалын үдэшлэг”-ийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлжээ.
Эдүгээ 16 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ баярын хүрээнд залуучууд, олон нийтийн дунд сансар судлалыг сурталчлан таниулах, сансарт мөрөө үлдээх дараагийн эрин үеийг бэлтгэх зорилготой урлаг, соёл, боловсролын салбарын олон үйл ажиллагааг зохион байгуулж байна. Олон орны музей өнөөдөр сансрын хөтөлбөр, пуужингийн шинжлэх ухааны талаар тусгай танхимдаа үзүүлэн гаргасны зэрэгцээ сансрын хувцас хэрэглэл бүхий үдэшлэгүүд зохион байгуулагдаж байна.
АНУ-ын Лос Анжелес хотноо Юрийгийн шөнийг санаачлагч Лретта Уайтсайдс, Олон улсын сансрын станцаас саяхан эх дэлхийдээ эргэн ирсэн Европын сансар судлалын агентлагийн сансрын нисгэгч Саманта Кристофоретти, мөн Нейл Армстронгийн дараа саран дээр хөл тавьсан 2 дахь хүн болох Базз Олдрин нар Калифорнийн шинжлэн ухааны төвд олон нийттэй уулзаж, сансар судлалын сэдэвтэй үдэшлэг зохион байгуулж байгаа юм.
Германы Кёльн хотын музей, Нигерийн Холбооны технологийн сургуульд “Ангараг гараг руу хийх аялал” сэдэвтэй жүжиг, хэлэлцүүлэг болох юм байна.
Тавь гаруй оронд түүхэн ойг тэмдэглэж байна | ||
Үзсэн: 1430 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.