Шууд Chart

Грекийн ерөнхий сайд Македоныг шүүмжиллээ

2016-04-12 12:31:47

Македоны Гадаад хэргийн яам цагаач дүрвэгчдийн бослого гарч, хил дээр үймээн дэгдэхээс сэргийлэхийг Грекийн эрх баригчдад уриаллаа. Ням гарагт Грек, Македоны хил дээр 7 цаг үргэлжилсэн үймээн самууны улмаас 300 орчим цагаач дүрвэгч болон цөөн тооны цагдаа гэмтэж шархадсан юм.

Грекийн Идомени тосгон дахь дүрвэгсдийн хуаранд байрлаж байгаа цагаач дүрвэгчид Македоны босгосон хаалтыг эвдэн, хууль бусаар хил давах гэж оролдсоноос мөргөлдөөн үүссэн. Үймээн өдөөсөн цагаач дүрвэгчдийг тараахын тулд Македоны цагдаа нар нулимс асгаруулагч хий, резинэн сумтай буу ашигласныг Грекийн ерөнхий сайд Алексис Ципрас шүүмжилсэн байна. Хоёр орны хил дээр ийнхүү үймээн самуун дэгдэх болсон гол шалтгаан нь Македон хөрш орнууддаа урьдчилан мэдэгдэж зөвлөлгүй, хилээ хаах шийдвэр гаргасны үр дагавар гэдгийг өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр Алексис Ципрас онцлон тэмдэглэжээ.

Үймээнд оролцсон төдийгүй дүрвэгсдийн хуаранд байсан гэмгүй номхон цагаач дүрвэгчид, мөн тус бүс нутагт ажиллаж байсан хэвлэлийн агентлагуудын сэтгүүлч, зураглаачид нулимс асгаруулах хийнд өртсөн талаар мэдээ ирж байгаа юм. Мөн цагаач дүрвэгчид цагдаа нарын эсрэг чулуу шидсэн талаар зарим хэвлэлд мэдээлсэн. "Хил хязгааргүй эмч нар" олон улсын байгууллага энэ үйл явдалтай холбогдуулан Грек, Македоны хил рүү эмнэлэгийн тусламж үзүүлэх явуулын нэгжүүд илгээсэн байна.

Эдгээр нэгж амьсгал нь боогдсон, мөн резинэн суманд оногдсон 300 орчим цагаач дүрвэгчид эмнэлэгийн тусламж үзүүлжээ. Үймээнийг тараахаар ажилласан Македоны хууль сахиулах албан хаагчдаас 15 хүн гэмтэж шархадсан бөгөөд тэднээс 5-ынх нь биеийн байдал хүнд байгаа талаар Балкан Ньюсбит агентлаг мэдээлсэн байна.

Одоогоор хоёр орны хил дээр цөөн тооны цагаач дүрвэгч цуглаад байгаа ч дахин үймээн өдөөх, хилийн хаалтыг давахыг оролдоогүй гэх мэдээллийг Македоны хууль сахиулагчид өгч байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Грекийн ерөнхий сайд Македоныг шүүмжиллээ  
Үзсэн: 1342 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
79.82.4.xxx [79.82.4.xxx] 2016-04-12 15:53
baliar durvegch nertei hogiin novchnuud hohinee

Бидэнтэй нэгдээрэй