
Энэтхэгийн хинди шашны сүмд салютнаас үүдэлтэй дэлбэрэлт болж, гал гарсны улмаас амь үрэгдсэн хүний тоо 109 давж, 400 орчим хүн гэмтэж, шархаджээ. Энэтхэгийн өмнөд хэсэгт оршдог Керала мужийн хинди шашинтнууд дөрөвдүгээр сард шинэ оноо угтан авч, Вишу наадмыг тэмдэглэдэг уламжлалтай. Гэрлийн наадам ч гэгддэг энэ баярыг тохиолдуулан салют буудуулах ёслолыг үзэж сонирхохоор олон мянган хүн Путтингал сүмд цугларсан байжээ.
Гэвч асаатай байсан салют ойролцоо хадгалаастай байсан бусад салют дээр унаснаас үүдэн хүчтэй дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн улмаас сүмийн барилга нурсан нь олон хүн амь үрэгдэх гол шалтгаан болсон байна. Цагдаа нарын мэдээлж байгаагаар тус сүм салют буудуулах зөвшөөрөлгүй байсны зэрэгцээ баярын үеэр галын наадам, салют буудуулахгүй байх анхааруулга урьдаас авсан байжээ.
Гэвч Путтингал сүмийнхэн холбогдох албаныхны анхааруулгыг үл харгалзан жил тутам зохион байгуулж заншсан уламжлалынхаа дагуу салют буудуулах ёслолыг зохион байгуулсан байна. Сүмд болсон дэлбэрэлтийн цаад учир шалтгааныг тодруулах мөрдлөг шалгалт эхэлсэн байна. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өөрийн биеэр Керала мужид хүрэлцэн очиж, нөхцөл байдалтай танилцжээ.
Тэрээр үгээр илэрхийлэмгүй эмгэнэлтэй, цочирдом үйл явдал болж өнгөрлөө гээд амь үрэгдэгсдийн ар гэрт гүнээ эмгэнэл илэрхийлсэн байна. 500 жилийн настай Путтингал сүм нь тус бүс нутгийн эртний сүм дугануудын нэгд тооцогддог. Жил бүр хинди шашны шинэ оны салют буудуулах ёслолыг үзэж сонирхохоор тус сүмд орон нутгийн иргэд төдийгүй гадаадын жуулчид олноор хүрэлцэн очдог юм.
Энэтхэгийн сүмд болсон дэлбэрэлттэй холбогдуулан таван хүнийг баривчилжээ | ||
Үзсэн: 1288 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.