Шууд Chart

Модильянигийн уран зурагтай холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэлээ

2016-04-12 14:31:44

Панамын Моссак Фонсека хуулийн фирмээс алдагдсан нууц баримт бичгүүдтэй холбогдсон дахин нэг мэдээ олон улсын хэвлэлүүдээр ирж байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед нацист германууд Францын нийслэл Парис хотыг эзлэх үеэр Италийн зураач, уран барималч Амедео Модильянигийн “Таягтай ноёнтон” уран зураг алдагдаж, олон арван жилийн турш хэний эзэмшилд очсон нь мэдэгдэхгүй байсаар өнөөг хүрсэн юм.

Харин Панамын фирмийн нууц баримт бичгүүдийг судлах явцад 25 сая америк долларын үнэ бүхий энэхүү алдарт уран зургийн өнөөгийн эзэмшигч хэн болохыг тодруулах бололцоо нээгдсэн байна. Нэр нөлөө бүхий олон эрхэм, улс төрчид, тэдний гэр бүл, ойрын тойрон хүрээллийн нууц хөрөнгийг ил болгосон Панамын фирмийн баримт бичгүүдээс урлагийн бүтээл цуглуулагч, худалдаалагч Нахмадын гэр бүлд Модильянигийн алдагдсан уран зураг хадгалагдаж байгаа нь тогтоогджээ.

Швейцарийн прокурорууд Женев хотын урлагийн бүтээл, үнэт эдлэл хадгалах газарт нэгжлэг хийн, “Таягтай ноёнтон” уран зургийг илрүүлсэн байна. 2008 онд болсон уран зургийн дуудлага худалдаанд Панамд төвтэй “Олон улсын урлагийн төв” нэртэй байгууллага “Таягтай ноёнтон” зургийг худалдаалахаар оролдож байсан юм байна.

Үүнээс хойш тус байгууллагын эзэн хэн болохыг тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж байсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй юм. Харин сая дэлгэгдсэн Панамын фирмийн баримт бичгүүдэд “Олон улсын урлагийн төв” байгууллага уран зураг худалдаалагч Нахмадын гэр бүлийн гишүүн Дэвид Нахмадын нэр дээр бүртгэгдсэн байжээ. Швейцарийн прокурорууд Панамын фирмийн эдгээр баримт бичигт тулгуурлан эрүүгийн хавтаст хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн байна.

“Таягтай ноёнтон” зургийг 1939 онд алдсан Оскар Штеттинерийн ач хүү зургийг өөрийн өмчид эргүүлэн авахаар АНУ-ын шүүхэд зарга үүсгээд байгаа юм. Панамын нууц баримт бичгүүд “Таягтай ноёнтон” зургийг хууль ёсны эзэнд нь буцаан шилжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж ажиглагчид үзэж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Модильянигийн уран зурагтай холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэлээ  
Үзсэн: 1553 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй