Шууд Chart

Бразилийн Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг парламентын доод танхимд хэлэлцүүлнэ

2016-04-12 15:07:56

Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссеффт итгэл үзүүлэх эсэх тухай асуудлыг Конгрессын доод танхимаар хэлэлцүүлэхийг энэ асуудлаар байгуулагдсан конгрессийн хороо дэмжлээ. 65 гишүүнтэй тус хорооны 38 гишүүн дэмжиж, 27 нь эсрэг санал хураалгаснаар Дилма Руссеффийн эсрэг импичмент үүсгэх асуудал Конгрессийн доод танхимаар орохоор болж байна.

Бразилийн ард иргэд Ерөнхийлөгчөө огцруулах тухай асуудалд талцсан байр суурьтай байгаа. Руссеффийг эсэргүүцсэн болон дэмжсэн олон түмэн Бразилийн нийслэл болон бусад хотуудад хэд хэдэн удаа жагсаал цуглаан зохион байгуулсан юм. Руссеффт итгэл үзүүлэх эсэх асуудлаар Конгрессийн доод танхимд энэ сарын 17, эсвэл 18-ны өдөр  санал хураалт болох юм байна.

Конгрессийн хорооны энэ шийдвэрийг эсэргүүцсэн өргөн хэмжээтэй жагсаал зохион байгуулагдаж магадгүй гэж Бразилийн хууль сахиулах хүчнийхэн бэлтгэлтэй байна. Дилма Руссеффийн эсрэг импичмент үүсгэх асуудлыг Бразилийн конгрессийн дээд танхимаар хэлэлцүүлэхийн тулд доод танхимын 342 гишүүний дэмжсэн санал шаардлагатай юм байна.

Хамгийн сүүлд явуулсан албан бус санал асуулгаар Бразилийн конгрессийн доод танхимын 513 хууль тогтоогчийн 292 нь энэ төлөө саналтайгаа илэрхийлсэн бол 115 нь эсрэг саналтай, 106 нь ямар санал өгөхөө хараахан шийдээгүй байгаа дүн гарчээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Бразилийн Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг парламентын доод танхимд хэлэлцүүлнэ   
Үзсэн: 1172 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй