
Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээг соёрхон батлаагүй байгаа улс орнууд цаг алдалгүй энэхүү гэрээнд нэгдэн орохыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уриаллаа. Тус гэрээ батлагдсаны 20 жилийн ойг угтан ОХУ-ын Ерөнхийлөгчийн ажлын алба Путины мэдэгдлийг гаргасан байна. Владимир Путин энэхүү мэдэгдэлдээ дэлхийн аюулгүй байдлыг сахин хамгаалахад үүрэг хүлээж, “Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээ”-нд нэгдэн орохыг зарим улс орон хүсэхгүй байгаа нь харамсалтай явдал гэжээ.
Эдүгээ гэрээг заавал соёрхон батлах ёстой 44 улсаас 8 улс, тэдгээрийн дунд АНУ, Хятад зэрэг улс гэрээнд нэгдэн ороогүйгээс үүдэн Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээ хүчин төгөлдөр болоогүй хэвээр байна. ОХУ-ын Ерөнхийлөгч сая гаргасан мэдэгдлээрээ эдгээр улс, тэр дундаа АНУ-ыг шүүмжиллээ гэж олон улсын ажиглагчид дүгнэж байна. 1996 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн баталсан “Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээ”-нд цэргийн болон иргэний зориулалтаар бүх төрлийн орчинд цөмийн туршилт явуулахыг хориглосон байдаг.
Одоогоор энэ баримт бичигт 180 гаруй улс орон гарын үсэг зурж, 160 гаруй орон соёрхон батлаад байгаа юм. Гэрээ хүчин төгөлдөр болохын тулд цөмийн зэвсэг эзэмшдэг, эсвэл цөмийн зэвсэг боловсруулж болзошгүй гэх ангилалд багтсан 44 улс энэ гэрээг заавал соёрхон баталсан байх шаардлагатай.
Мөн эдгээр улсын 36 нь, тэдний дотор ОХУ, Их Британи, Франц “Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээ”-г соёрхон баталжээ. Эндээс үлдсэн 8 улсаас Энэтхэг, Умард Солонгос, Пакистан зэрэг улс тус гэрээнд гарын үсэг зураагүй бол АНУ, Хятад, Египет, Израйль, Иран гэрээнд гарын үсэг зурсан ч соёрхон батлаагүй байна.
Дэлхий даяар 1945 оноос хойш 2000 гаруй цөмийн туршилт хийгдсэн гэх тооцоо бий. АНУ 1945-1992 оны хооронд мянга гаруй цөмийн туршилт явуулсан бол Орос 715, Франц 210, Хятад, Их Британи тус бүр 45 удаа цөмийн зэвсэг туршжээ.
Владимир Путин цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээг соёрхон батлахыг уриаллаа | ||
Үзсэн: 716 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.