
Японы Окинава муж дахь АНУ-ын Футенма агаарын цэргийн баазын газрыг Японы мэдэлд эргүүлэн шилжүүлэх тухай гэрээг хоёр орон байгуулснаас хойш 20 жил өнгөрчээ. Гэхдээ тус баазыг нүүлгэн шилжүүлэх асуудалтай холбогдсон маргаан Японы Засгийн газар болон Окинава мужийн захиргааны хооронд үргэлжилсэн хэвээр байна.
АНУ, Япон хоёр орны Засгийн газар Футенма баазын нутаг дэвсгэрийг 5-7 жилийн дотор Японы мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэснээ 1996 оны дөрөвдүгээр сарын 12-нд зарлаж байсан байна. Энэ асуудлаар байгуулсан гэрээний нөхцөлд баазыг Окинава муж доторх шинэ байршилд нүүлгэн шилжүүлэх тухай заасан байжээ. Дараа нь хоёр орон тус баазаас хойд зүгт оршдог Наго хотын Хеноко дүүрэгт баазыг нүүлгэхээр тохиролцсон юм. Японы Засгийн газар баазыг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг энэ гэрээнд тусгасан ёсоор гүйцэлдүүлэхээр чармайж байгаа ч Окинава мужийн захирагч Такэши Онага тус төлөвлөгөөний эсрэг байр суурь баримталсан хэвээр байна.
Өнгөрсөн сард Японы Засгийн газар болон Окинава мужийн захиргаа энэ асуудлаар шүүхэд үүсгэсэн заргаа эргүүлэн татаж, яриа хэлэлцээгээр асуудлыг шийдвэрлэхээр болсон юм. Окинава мужийн захирагч нутгийн оршин суугчдын аюулгүй байдалд учирч байгаа эрсдлийг бодолцон Футенма баазын үйл ажиллагааг ирэх 5 жилийн дотор эцэслэхийг Засгийн газраасаа шаардаж байна.
Харин Японы Засгийн газар хүн ам шигүү суурьшсан бүс нутагт байрлаж байгаа Футенма баазын аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх ганц арга зам нь баазыг Хеноко дүүргийн хүн ам цөөтэй эргийн бүсэд нүүлгэн шилжүүлэх явдал гэж тайлбарлаж байгаа юм. Мөн одоогийн баазын үйл ажиллагааг эцэслэсэн нөхцөлд шинэ байршилд баазыг дахин байгуулах зайлшгүй шаардлагатай гэж Японы Засгийн газар үзэж байна.
Энэ долоо хоногийн сүүлээр баазыг нүүлгэн шилжүүлэх асуудлаар талууд дахин яриа хэлэлцээ хийхээр төлөвлөөд байгаа ч хоёр тал өөрсдийн байр сууриа хатуу баримталж байгааг харгалзан үзвэл Футенма баазын асуудлаарх маргаан ойрын хугацаанд эцэс болохгүй гэж ажиглагчид таамаглаж байна.
Окинава муж дахь АНУ-ын агаарын цэргийн баазыг нүүлгэн шилжүүлэх тухай маргаан үргэлжилсээр байна | ||
Үзсэн: 1968 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.