
Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Иран улсад хоёр хоногийн хугацаатай айлчилж байна. Иран олон улсын 5+1 бүлэгтэй байгуулсан гэрээний хүрээнд тус улсын эсрэг хориг арга хэмжээ өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн цуцлагдсан. Иймээс цаашид хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн дэвшүүлэхэд учрах саад үгүй гэдгийг Казахстаны Ерөнхийлөгч онцлон тэмдэглэлээ.
Өчигдөр Нурсултан Назарбаев Иран улсын нийслэл Тегеран хотноо тус улсын Ерөнхийлөгч Хассан Роуханитай уулзсан байна. Энэ үеэр хоёр орны өндөр дээд албан тушаалын төлөөлөгчид хамтын ажиллагааны тухай 60 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан гэж Оросын "Итар-Тасс" агентлаг мэдээллээ.
Уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Нурсултан Назарбаев хоёр орны байгуулсан гэрээ хэлэлцээрийн нийт өртөг хоёр тэрбум америк доллар давсныг онцлон тэмдэглэсэн байна. Уул уурхай, хөдөө аж ахуй, тээвэр ложистик, аялал жуулчлал, шинжлэх ухаан, боловсрол болон эрүүл мэндийн салбарыг эдгээр гэрээ хэлэлцээр хамарчээ.
Иран, Казахстаны Ерөнхийлөгчид уулзалтынхаа үеэр хоёр орны худалдааны харилцааг өргөжүүлэхийн тулд бизнес эрхлэгчдэд визийн нөхцөлийг харилцан хөнгөвчлөх талаар хэлэлцсэн байна. Үүнээс гадна хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, технологи, соёлын салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэрэгтэй гэдэгт талууд санал нэгджээ.
Ираны эсрэг олон улсын хориг арга хэмжээ үйлчилж байх үед ч Казахстан улс Ирантай өндөр дээд хэмжээнд харилцаагаа тасалж байсан удаагүй гэдгийг Назарбаев онцолсон байна. Тэрээр Ираны Ерөнхийлөгч Хассан Роуханиг Казахстанд албан ёсны айлчлал хийхийг урьжээ.
Өндөр дээд албан тушаалтнууд хоёр тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ | ||
Үзсэн: 681 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.