Шууд Chart

Зэрлэг барын тоо толгой сүүлийн 100 жилд анх удаа өсчээ

2016-04-13 12:43:23

Дэлхийн зэрлэг барын тоо толгой сүүлийн зуун жилд анх удаа өсчээ. Хууль бус анчдын үйл ажиллагаа болон амьдрах бүс нутаг хомсдсоноос үүдэлтэйгээр зэрлэг барын тоо толгой сүүлийн олон арван жилд тогтмол буурч ирсэн юм. Харин Байгаль хамгаалах олон улсын холбооны хийсэн судалгааны дүн зэрлэг байгаль дахь барын тоо толгой 2010 оныхоос 700 орчмоор өссөн болохыг харуулсан байна.

2010 онд дэлхий дээр 3 мянга 200 зэрлэг бар тоологдсон байна. Харин энэ онд дээрх тоо 3 мянга 890 болж өсчээ. Сүүлийн нэг зуунд анх удаа ажиглагдаж байгаа энэ өсөлт ОХУ, Балба, Бутан зэрэг улсад бар хамгаалах ажлыг эрчимжүүлсэн, ажиглалт судалгаа хийх техникийг сайжруулсан зэрэгтэй холбоотой гэж Дэлхийн байгаль хамгаалах сан тайлбарлаж байна.

Барын тоо толгой тогтмол буурах хандлага эхэлсэн 1900 онд 100 мянга гаруй бар зэрлэг байгальд амьдарч байжээ. Өнгөрсөн нэг зууны хугацаанд манай гараг дээрх зэрлэг барын нийт тоо толгойн 97 орчим хувь нь устсан байна. Дэлхийн улс орнууд зэрлэг барын тоо толгойг 2022 он гэхэд одоогийнхоос 2 дахин нэмэгдүүлэх зорилт тавиад байна. Энэ зорилтыг ажил хэрэг болгоход одоогийнхоос хэд дахин илүү хичээл зүтгэл шаардлагатайг Дэлхийн байгаль хамгаалах сан анхааруулж байна.

Бас нэгэн сонирхолтой баримтыг дурдахад, зөвхөн АНУ-д л гэхэд зэрлэг байгальд амьдарч байгаагаас бараг 3 дахин олон тооны гаршуулсан, гэрийн тэжээвэр бар байгаа талаар Форейн Полиси цахим хуудас мэдээлж байна. Албан ёсоор бүртгүүлж, зөвшөөрлийн дагуу тэжээж байгаа 5 мянга гаруй бар байгаа ч, бар тэжээдгээ албан ёсоор мэдээлэх, зөвшөөрөл авахыг үүрэгддэггүй муж улсуудад мөн ийм тооны бүртгэлгүй бар бий гэж шинжээчид тооцоолж байгаа юм. АНУ-ын иргэд бар үржүүлж, 1 бамбарыг ойролцоогоор 2 мянга 500 орчим доллараар худалдаалдаг байна.

Харин Азийн зарим орон, тэр дундаа Хятадад барны эд эрхтний эрүүл мэндэд тустай, анагаах чанараас үүдэн ийм орц бүхий бүтээгдэхүүн өндөр үнэ хүрдэг байна. Барын яс хольсон архи л гэхэд 80-5000 долларын үнэ хүрдэг бол барын арьс ч мөн олон арван мянган доллараар худалдаалагддаг байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Зэрлэг барын тоо толгой сүүлийн 100 жилд анх удаа өсчээ   
Үзсэн: 831 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй