Шууд Chart

Дэлхийн эдийн засгийн өсөлт улам удааширна гэж таамаглаж байна

2016-04-13 13:14:28

Өчигдөр Олон улсын валютын сан хагас жил тутам гаргадаг эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгаа олон нийтэд шинэчлэн танилцууллаа. Энд дэлхийн эдийн  засгийн өсөлтийн өмнөх таамгийг бууруулж, 2016 онд 3.2 хувь, 2017 онд 3.5 хувь байхаар тооцоолсон байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт ийнхүү улам бүр удаашрах хандлага ажиглагдаж байгаа нь олон улсад нийгэм, улс төрийн хямрал нүүрлэх эрсдэлийг нэмэгдүүлсэн гэдгийг тус байгууллага онцолжээ.

Олон улсын валютын сангийн шинэчилсэн таамагт дэлхийн эдийн засгийн энэ оны өсөлт өмнөх таамгаас 0.2 хувь, ирэх оных 0.1 хувиар тус тус буурсан байна. Ийнхүү эдийн засгийн өсөлт удааширснаар зах зээл дээрх бараа бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийг бууруулж, хөрөнгө оруулалтын хэмжээнд сөргөөр нөлөөлөх аюултайг тус байгууллага анхааруулж байна.

Хөгжиж байгаа улс орнуудын эдийн засгийн өсөлт дундаж хэмжээнд байх төлөвтэй гэж тус байгууллага дүгнэсэн. Харин нефть экспортлогч орнуудын хувьд, газрын тосны үнэ ойрын саруудад сэргэх төлөвгүй байгаа учраас эдийн засаг нь тогтворгүй хэвээр байна гэлээ. Дэлхийн 2 дахь том эдийн засаг болох Хятадын өсөлт эрс удаашрах хандлагатай байгаа нь олон улсын худалдаанд дам нөлөө үзүүлж, улмаар дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө гэж Олон улсын валютын сан таамаглаж байна.

Үүнээс гадна тус байгууллагын онцолсон бас нэг асуудал нь дүрвэгсдийн хямрал, терроризмын аюул заналаас үүдэлтэйгээр үндсэрхэг үзэл улам бүр эрчээ авах хандлага байгаа юм. Энэ нь Их Британи Европын холбооноос гарах магадлалыг нэмэгдүүлж, улмаар бүс нутаг төдийгүй дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүйг Олон улсын Валютын сан анхааруулсан байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Дэлхийн эдийн засгийн өсөлт улам удааширна гэж таамаглаж байна  
Үзсэн: 1177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй