Шууд Chart

Хөдөлмөрийн хууль тогтоомжид шинэчлэл хийхийг эсэргүүцсэн жагсаал үргэлжилж байна

2016-04-13 13:41:47

Францын эрх баригчид хөдөлмөрийн хууль тогтоомждоо шинэчлэл хийхээр төлөвлөж байгааг эсэргүүцсэн жагсаал тус улсын нийслэл Парис хотноо 13 дахь хоногтоо үргэлжилж байна. Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийг эсэргүүцэгчид хөдөлгөөн байгуулж, өнгөрсөн сарын 31-нээс эхлэн Францын төв талбайд жагсаал хийж байгаа юм.

Олон мянган хүнийг эгнээндээ нэгтгээд байгаа энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөн нь Францын хөдөлмөрийн хуульд хийж байгаа шинэчлэл том корпорациуд, нөлөө бүхий бизнес эрхлэгчдийн талд үйлчилж, жирийн иргэдийг хохирооно гэж үзэж байгаа юм. Францын хөдөлмөрийн хуульд ажилтанг өдөрт 7 цаг, ажлын 5 хоногт нийтдээ 35 хүртэлх цаг ажиллуулахаар заасан байдаг. Энэ заалтыг илүү уян хатан болгох, мөн ажилтан халах үйл явцыг хөнгөвчлөх нь Францын эдийн засгийг сайжруулах, ажилгүйдлийг бууруулахад түлхэц үзүүлнэ гэж тус улсын эрх баригчид найдаж байгаа юм.

Шинэчлэлийг эсэргүүцсэн жагсагчид өнгөрсөн бямба гарагт ерөнхий сайдынхаа амьдардаг өргөөг чиглэн жагсаал хийхээр завдсаныг цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглан тараасан. Мөн хэсэг жагсагчид цагдаагийн газрын байр луу чулуу шидэлж, автомашиныг галдан шатаах зэргээр үймээн өдөөсөн юм. Үүнээс бусдаар өнгөрсөн 13 хоногт жагсаал харьцангуй тайван байдалтай үргэлжилж байна.

Францын нийслэл Парисаас гадна тус улсын 50 гаруй хот, мөн Бельги, Герман, Испанийн зарим хотод ч ажилчдын эрх ашгийг хамгаалахыг шаардсан жижиг хэмжээний эсэргүүцлийн жагсаалууд зохион байгуулагдаж эхлээд байна. Жагсаалд оролцогч залуу иргэдийнхээ дуу хоолойг сонсох нь зүйтэй гэж Францын ерөнхий сайд Мануэль Вальс үзэж байна.

Тэрээр шинээр төгссөн, ажил хайж байгаа залуучуудад тэтгэмж олгох, оюутнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд 400 сая еврог зориулна гэдгээ мэдэгдээд байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Хөдөлмөрийн хууль тогтоомжид шинэчлэл хийхийг эсэргүүцсэн жагсаал үргэлжилж байна   
Үзсэн: 544 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй