
Япон улсын ард иргэдийн бараг тэн хагас нь тус улсад сая хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хуульд шүүмжлэлтэй хандаж байна. Японы Эн-Эйч-Кей суваг өнгөрсөн амралтын өдрүүдээр улсынхаа 20 болон түүнээс дээш насны иргэдийн дунд утсаар судалгаа явуулжээ. Өнгөрсөн оны 9-р сард батлагдаж, энэ 3-р сараас хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Японы Үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хуулийн талаар тус улсын иргэд ямар бодолтой байгааг дээрх судалгаагаар тодруулсан байна.
Японд өргөн хэмжээтэй эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдахад хүргэж байсан энэ хуулийг Эн-Эйч-Кей сувгийн судалгаанд оролцсон нийт оролцогчдын 42 хувь нь дэмжиж байгаа бол 48 хувь нь дэмжихгүй гэх байр суурьтай байна. Дэлхийн хоёрдугаар дайнд ялагдал хүлээснийхээ дараа Япон улсын баталсан үндсэн хуульд өөрийгөө хамгаалахаас бусад тохиолдолд цэргийн ажиллагаа явуулахыг хориглосон байсан.
Харин сая хүчин төгөлдөр болсон Үндэсний аюулгүй байдлын шинэ хууль нь Японы өөрийгөө хамгаалах хүчний үүрэг оролцоог нэмэгдүүлж, холбоотон улсынхаа аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хилийн чанадад цэргийн ажиллагаа явуулах эрхийг нээсэн юм. Эн-Эйч-Кей энэ асуудлаас гадна удахгүй болох Японы парламентын дээд танхимын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахад ямар ямар асуудал голлох нөлөөтэй гэж үзэж байгааг судалгаанд оролцогчдоос асуусан байна.
Үүнд нийгмийн хамгаалал, эдийн засгийн салбар хамгийн чухал гэж судалгаанд оролцогчдын 22 хувь нь хариулсан бол Үндэсний аюулгүй байдлын асуудлыг судалгаанд оролцогчдын 12 хувь нь чухал асуудлаар нэрлэсэн байна. Японд цөмийн цахилгаан станцуудыг эргүүлэн ашиглалтад оруулж байгаа талаар мөн асуухад, судалгаанд оролцогчдын 18 хувь нь дэмжиж байгаа бол, үүнээс 2 дахин олон хүн эсэргүүцсэн байр суурьтай байгаа дүн гарчээ.
Японы ард иргэдийн 48 хувь нь үндэсний аюулгүй байдлын шинэ хуулийг шүүмжилж байна | ||
Үзсэн: 927 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.