
ОХУ-ын мэргэжилтнүүд Сирийн Пальмира хотын 182 га буюу хөлбөмбөгийн 250 талбайтай тэнцэх хэмжээний газар нутгийг мина, тэсэрч дэлбэрэх бусад төхөөрөмжөөс бүрэн цэвэрлэжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр тус улсын инженерүүд 4-р сарын 1-нээс эхлэн Палмира хотыг минээс чөлөөлөх ажилд оролцож, энэ хугацаандаа нийт 3 мянга орчим мина, тэсрэх бөмбөгийг илрүүлж, аюулгүй болгосон байна.
Сирийн засгийн газрын цэргүүд Пальмира хотыг ОХУ-ын агаарын цэргийн хүчний дэмжлэгтэйгээр өнгөрөгч сарын 27-нд Исламын улс алан хядагч бүлэглэлээс чөлөөлсөн юм. Тус хотод НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн эртний хотын туурь байдаг учраас түүх соёлын чухал ач холбогдолтой бүс нутагт тооцогддог. Исламын улс бүлэглэл тус хотыг 10 сар хянах явцдаа урлаг соёлын олон үнэт өвийг эвдэн сүйтгэснээс гадна дэвшилтэт технологийн тусламжтайгаар илрүүлэх, аюулгүй болгоход төвөгтэй байршлуудад мина суурилуулсан байна.
Пальмира хотыг минээс цэвэрлэх ажилд туслалцаа үзүүлж байгаа Оросын мэргэжилтнүүд өндөр технологийн “Уран-6” робот төхөөрөмжүүд ашиглаж байгааг Оросын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдсэн байна. Пальмира хотын минээс бүрэн цэвэрлэсэн хэсгийн оршин суугчид орон гэртээ буцаж байгаа таатай мэдээ мөн ирж байна.
Эдгээр иргэд болон мина цэвэрлэх ажилд оролцож байгаа Сири, Оросын мэргэжилтнүүд дэлбэрэлтэд өртөн, эрүүл мэнд, амь насаараа хохирох аюул байгааг харгалзан ОХУ-ын зэвсэгт хүчин Пальмира хотод хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий явуулын эмнэлэг 30 хоногийн хугацаатай ажиллуулж байгаа юм.
ОХУ-ын мэргэжилтнүүд Сирийн Пальмира хотод мина цэвэрлэх ажиллагаанд оролцож байна | ||
Үзсэн: 1395 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.