Шууд Chart

Согтуу жолоочийг цогцос хадгалах газарт ажиллуулж шийтгэнэ

2016-04-13 15:11:28

Тайландад зам тээврийн ослын тоог бууруулахын тулд нэгэн сонирхолтой журам нэвтрүүлэхээр болсон байна. Шинэ журмын дагуу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад саатуулагдсан жолооч нарыг морг буюу цогцос хадгалах газарт албадан хөдөлмөр эрхлүүлэхээр болжээ.

Өмнө нь тус улсад согтуу жолооч нарт зам тээврийн ослоос гарах үр дагавар, хор уршгийг ойлгуулахын тулд ослын газарт ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдэд туслах ажлыг албадан хийлгэдэг байсан байна. Гэхдээ энэ арга алхам нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа хүмүүсийн тоог бууруулахад дорвитой нөлөө үзүүлэхгүй байна гэж Тайландын эрх баригчид үзжээ.

Иймээс согтуу жолооч нарт оноох хариуцлагын хэмжээг хүндрүүлж, цогцос хадгалах газарт албадан ажил хийлгэх шинэ журам гаргахаар шийдвэрлэсэн байна. Согтуугаар жолоо барьсны улмаас зам тээврийн осол гарч, хүний амь нас эрсдэх аюултай гэдгийг энэ аргаар жолоочдын ой тойнд үлдээх боломж нэмэгдэнэ гэж Тайландын эрх баригчид тайлбарлаж байна.

Хаврын улирал эхлэх үеэр шинэ оноо угтан авдаг уламжлалтай орнууд бий. Эдгээрийн нэг болох Тайландад хонины орд эхлэх үеийг угтан 4-р сарын 13-наас 15-ны хооронд Сонгкран гэх наадмыг тэмдэглэдэг юм. Григорийн тооллын шинэ он болон Сонгкран наадмын үеэр Тайландад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох хүмүүсийн тоо эрс нэмэгдэж, зам тээврийн осол ч үүнийг даган ихэсдэг байна. Иймээс энэ оны Сонгкран наадам эхэлж байгаа цаг үетэй давхцуулан Тайландын эрх баригчид дээрх журмыг нэвтрүүлсэн байна.

Зам тээврийн ослын улмаас нас барагсдын тоог улсын нийт хүн амын тоотой харьцуулсан үзүүлэлтээр Тайланд Ливийн араас дэлхийд хоёрдугаарт бичигддэг. Тус улсад жил бүр 24 мянга гаруй хүн зам тээврийн ослоор амь үрэгддэг гэх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээ байгаа юм.

 

Нийтэлсэн: Э.Энхрэл

Согтуу жолоочийг цогцос хадгалах газарт ажиллуулж шийтгэнэ   
Үзсэн: 1218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.118.xxx [202.21.118.xxx] 2016-04-13 17:01
zov yum bna. manaid bas heregjuulmeer

Бидэнтэй нэгдээрэй