
Өчигдөр орой БНСУ-д явагдсан парламентын сонгуулийн санал хураалт өндөрлөж, санал тоолох ажил эхэлсэн байна. Нийт саналын 70 гаруй хувийг тоолсны дараах байдлаар, тус улсын эрх баригч Сэнури нам энэ удаагийн сонгуульд ялагдал хүлээж, парламент дахь олонхын байр сууриа алдахад хүрч магадгүй байна. Өмнөд Солонгосын парламентын 300 хууль тогтоогчийг сонгох сонгуулийн санал хураалт өчигдөр орон нутгийн цагаар 18 цагт өндөрлөсөн юм.
Санал тооллогын урьдчилсан дүнгээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн Сэнури нам 106 суудал авсан гэж Кэй-Би-Си телевиз мэдээлж байна. Харин тус улсын сөрөг хүчний хамгийн том нам болох Минжү буюу Нэгдсэн ардчилсан нам 108 тойрогт ялалт байгуулж, эрх баригч намаасаа 2 суудлаар илүүрхсэн байна. Өмнөд Солонгосын 3 дахь томоохон нам болох Ардын нам парламентад 26 суудал авлаа. Үүн дээр нэмэн парламентын 47 суудлыг пропорциональ системээр намуудад хуваарилах юм.
Өмнөд Солонгосын эрх баригч Сэнури намд энэ удаагийн сонгуульд оролцох нэр дэвшигчдийг тодруулахад Пак Гын Хе ерөнхийлөгчийг дэмжигч ойрын хүрээллийнхэн болон түүний бодлогыг таашаахгүй байгаа намын гишүүдийн хооронд маргаан үүссэн байна. Үүнээс үүдэн олон нийтийн дунд тус намын нэр хүнд унасан байж магадгүй хэмээн зарим ажиглагч үзэж байна. Хэрэв Сэнури нам парламент дахь олонхын байр сууриа алдвал бүрэн эрхийн хугацаа нь хоёр жил хүрэхгүйн дараа дуусах Пак Гын Хе ерөнхийлөгчийн хувьд эдийн засгийн шинэчлэл хийх төлөвлөгөөгөө ажил хэрэг болгоход саад учирч магадгүй байна.
Мөн энэ удаагийн сонгуульд улс төрийн шинэ намууд хоёр гол намтайгаа эн тэнцүүхэн өрсөлдөж, Ардын нам цөөнгүй суудал авсан нь цаашид Өмнөд Солонгосын хоёр намын системд цэг тавих төлөвтэй байгааг ажиглагч, мэргэжилтнүүд онцоллоо.
БНСУ-ын эрх баригч нам парламентын сонгуульд ялагдал хүлээж болзошгүй | ||
Үзсэн: 780 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.