Шууд Chart

Зика вирус микроцефали эмгэгтэй холбоотойг нотоллоо

2016-04-14 15:18:24

Зика вирусын халдвар ургийн гажиг үүсгэдэг байж магадгүй гэж удаан яригдсан таамаг үндэстэй болохыг АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв албан ёсоор баталгаажууллаа. Зика вирусын халдвартай эхчүүдээс тархины гаж хөгжилтэй, хэвийн хэмжээнээс жижиг толгойтой хүүхэд төрөх үзэгдэл түгээмэл ажиглагдах болсон.

Микроцефали нэртэй энэ эмгэг зика вирусын халдвартай холбоотой байж магадгүй гэж Бразилын эмч нар аль өнгөрсөн  онд таамаглаж байжээ. Гэхдээ нарийвчилсан судалгаа хийж, ноттой баримт ололгүй зика вирус, микроцефали эмгэгийг харилцан холбоотой гэж ийнхүү шууд дүгнэхээс бусад орны эрдэмтэд аль болох зайлсхийж байсан юм. Харин АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв зика вирус тархины хөгжлийг сааруулж, хэвийн хэмжээнээс жижиг толгойтой хүүхэд төрөхөд нөлөөлдөг гэх хангалттай нотолгоо цуглуулсан болохоо өчигдөр албан ёсоор мэдэгдсэн байна.

Тус төв зика вирусын халдвартай эхээс төрсөн микроцефали эмгэгтэй нярайд шинжилгээ хийхэд тархи, нугасны шингэн, мөн эхийн хэвлий дэх ураг орчмын шингэнээс зика вирус илэрчээ. Өнгөрсөн хугацаанд олон улс орон жирэмсэн эхчүүдийг зика вирусын халдвар тархсан бүс нутагт зорчихгүй байх, шумуулаас сэргийлэх тос, цацлага хэрэглэх, мөн халдвар дэгдсэн бүс нутагт амьдарч байгаа эмэгтэйчүүдийг жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэл ашиглахыг зөвлөмж болгоод байсан. Одоо ч энэ зөвлөмж мөрдөгдсөн хэвээр байгаа.

Гэхдээ зика вирус ургийн гаж хөгжлийн таамаг төдий байсан холбоог нотолсноор дээрх зөвлөмжийг дагаж мөрдүүлэх, нярайд микроцефали эмгэг үүсэхээс урьдчилан сэргийлэхэд жинтэй хувь нэмэр оруулна гэдгийг шинжээчид хэлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ийнхүү удаан яригдсан таамаг үндэстэй болохыг эцэст нь нотолсон АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн эрдэмтдэд баяр хүргэжээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Зика вирус микроцефали эмгэгтэй холбоотойг нотоллоо  
Үзсэн: 1642 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй