ОХУ-ын хоёр нисэх онгоц Балтын тэнгист явсан АНУ-ын "Дональд Кук" сөнөөгч хөлөг онгоцтой ойр зайд нисэж өнгөрсөн талаар бид өчигдөр мэдээлсэн. Энэ асуудлаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри байр сууриа илэрхийлсэн байна. Тэрээр Оросын "СУ-24" загварын байлдааны нисэх онгоцууд Америкийн хөлөг онгоцтой хэт ойр зайд ниссэн учраас "Дональд Кук" сөнөөгч хөлөг онгоцны баг бүрэлдэхүүн хариу довтлох бүрэн эрхтэй байсан гэж мэдэгдлээ.
Вашингтон ОХУ-ын нисэх онгоцуудын өдөөн турхирсан, бодлогогүй дээрх алхмын талаар Москватай албан шугамаар холбоо барьсан гэдгийг Жон Керри мөн мэдээлсэн байна. ОХУ-ын Батлан хамгаалах яам тус улсын "СУ-24" онгоцууд Балтын тэнгис дэх олон улсын дэглэм бүхий нутаг дэвсгэрт "Дональд Кук" сөнөөгч онгоцтой ойр нисэж явсныг баталгаажуулсан. Гэхдээ эдгээр онгоц аюулгүйн бүх холбогдох дүрэм журмыг мөрдөж, АНУ-ын хөлөг онгоцноос зохих хэмжээний зайд холдсон гэх тайлбарыг хийжээ.
Энэ тайлбарыг үл харгалзан АНУ "СУ-24" нисэх онгоцуудын үйлдлийг шүүмжилсэн хэвээр байна. Олон улсын дэглэмтэй бүс нутагт АНУ-ыг энэ мэтээр айлган сүрдүүлэх оролдлого сайн зүйлд хүргэхгүй гэдгийг тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри "Си-Эн-Эн" телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр анхаарууллаа. Та бүхэнд сануулахад, Оросын байлдааны нисэх онгоцууд "Дональд Кук" хөлөг онгоцонд 10 гаруй удаа ойр зайд дөхөж очсон талаар мэдээлэл энэ 7 хоногт ил болсон юм.
Хөлгийн бие бүрэлдэхүүн ОХУ-ын "СУ-24" нисэх онгоцууд сөнөөгч хөлөг онгоцноос 10 метр хүрэхгүй тун ойр зайд дөхөж очсон гэж мэдээлж байгаа юм.
АНУ-ын хөлөг онгоц "СУ-24" нисэх онгоцны эсрэг гал нээх бүрэн үндэслэл байсан гэв | ||
Үзсэн: 1219 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.