
АНУ-ыг зорьж явсан Их Британийн зорчигч тээврийн "Титаник" хөлөг онгоц мөсөн уул мөргөн, сүйрснээс хойш 104 жил өнгөрч байна. Үүнтэй холбогдуулан та бүхэнд "Титаник" хөлөг онгоцтой холбогдсон сонирхолтой баримтуудаас хүргэж байна. Тухайн цаг үедээ хамгийн бат бөх хийцтэйд тооцогдож, “Сүйршгүй” хэмээн цоллуулж байсан "Титаник" хөлөг онгоц 1912 оны дөрөвдүгээр сарын 10-нд анхны зорчигчдоо тээвэрлэн аян замдаа гарсан бөгөөд 4 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 14-нд мөсөн уултай мөргөлдөж сүйрсэн түүхтэй. "Титаник"-ийн эмгэнэлт сүйрлээс сэргийлэх боломж байсан гэж олон шинжээч мэргэжилтэн дүгнэдэг байна.
"Титаник" сүйрэх үеэр 1500 гаруй хүн амь үрэгдсэн бол эрлийн багийнхан нийтдээ 700 гаруй хүний амийг аварсан юм. 270 орчим метр урттай, 50 мянган тонн жинтэй тус хөлөг онгоцыг 3 мянга гаруй хүн 2 жилийн хугацаанд барьсан байна. Хөлөг онгоцыг барих хугацаанд 250 орчим ажилтан гэмтэж бэртсэнээс гадна 2 хүн амь үрэгдсэн байдаг. Гэхдээ тухайн цаг үедээ энэ тоо харьцангуй бага үзүүлэлтэд тооцогдож байсан юм. "Титаник" онгоцны нэгдүгээр зэрэглэлийн тасалбар 4,350 америк долларын үнэтэй байсан нь одоогийн ханшаар 104 мянган доллартай тэнцдэг байна.
Тус хөлөг онгоцны ослоос амьд гарсан сүүлийн хүн болох Миллвина Дийн 2009 онд нас баржээ. "Титаник" хөлөг онгоцны ослын ойд зориулан зорчигчдыг аврах ажиллагаанд оролцож байсан хөлөг онгоцны бүрдэл хэсгийг энэ сарын эцсээр дуудлага худалдаанд оруулах гэж байгаа мэдээ байна. Дуудлага худалдааны анхны үнэ 50-70 мянган доллараас эхлэх юм. Өнгөрсөн онд "Титаник"ийн сүйрлээс амьд үлдсэн Молли Браун аврагч хөлөг онгоцны ахмадад гардуулж байсан талархлын цом дуудлага худалдаанд орж, 200 мянган доллараар худалдаалагдаж байжээ.
"Титаник" хөлөг онгоцны сүйрлээс хойш 104 жил өнгөрчээ | ||
Үзсэн: 1421 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.