Шууд Chart

“Их 7”-гийн бүлгийн орнуудын мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын сайд нар уулзана

2016-04-16 13:11:37

Ирэх сард Японд зохион байгуулагдах “Их 7”-гийн бүлгийн орнуудын дээд хэмжээний уулзалтыг угтан эдгээр гүрний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын сайд нар бэлтгэл уулзалт хийх гэж байна. Уулзалтыг Японы Кагава мужийн Такамацу хотод энэ сарын 29, 30 өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Их 7 гүрний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн сайд нар тоног төхөөрөмжүүдийг интернэтэд холбох “Юмсын интернэт” гэж нэрлэгдээд байгаа шинэ салбарын тусламжтайгаар мэдээлэл дамжуулах хил дамнасан сүлжээ үүсгэх тухай хэлэлцэх юм.

“Юмсын интернэт” гэх салбар нь төрөл бүрийн бүтээгдэхүүн, үйлдвэрийн тоног төхөөрөмжид мэдрэгч суурилуулан, интернэтэд холбосноор эдгээр төхөөрөмжийг алсаас удирдах, хянах боломжийг бий болгож байгаа. Мөн инженерүүд эндээс цугларсан өгөгдлийн санд дүн шинжилгээ хийж, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн боловсруулах боломж нээгдэх юм. Эн-Эйч-Кей суваг энэ сарын эцсээр болох уулзалтаар хэлэлцүүлэх гэж байгаа тогтоолын төслийн агуулгад дараах асуудлууд багтсан тухай мэдээллээ.

Үүнд олон улсад өгөгдөл, мэдээлэл чөлөөтэй солилцох боломжоор хангах, цахим аюулгүй байдлыг чухалчилж, хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалах, цахим халдлагаас сэргийлэх чиглэлд хамтран ажиллах зэрэг заалт багтжээ. Энэ сарын 29-нд эхлэх уулзалтаар их 7 гүрний мэдээлэл, технологийн салбарын сайд нар шинэ эрин зууны гэж тодорхойлогдож байгаа технологийн салбарууд, тухайлбал хиймэл оюун ухаан, Их хэмжээний өгөгдөлд дүн шинжилгээ хийх салбарт шинэ технологи боловсруулахад хамтран ажиллахаар тохиролцох төлөвтэй байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

“Их 7”-гийн бүлгийн орнуудын мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын сайд нар уулзана  
Үзсэн: 638 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй