Шууд Chart

Фукушимагийн баатар Наото Мацумура

2016-04-16 13:33:04

Сүүлийн үед олон нийтийн цахим хуудсуудад “Фукушимагийн амьтдыг аврагч баатар” гэх нэрээр алдаршаад байгаа нэгэн бол Японы Фукушима Дайичи атомын цахилгаан станцад тохиосон гамшгийн дараа тус улсын нэгэн иргэн хөл хорио тогтоосон бүсэд эргэн очиж, амьдрахаар шийдсэн нь Наото Мацумура юм. Одоо 56 настай тэрээр 5 жилийн өмнө хөл хорио тогтоосон цацраг идэвхийн аюул өндөртэй бүсэд эзэндээ орхигдсон мал амьтдыг асран халамжлахын тулд Фукушимад эргэн очсон байна.

Одоо түүний асрамжид 50 үхэр, 2 тэмээн хяруул болон нохой, муур зэрэг гэрийн тэжээвэр амьтад  байгаа юм байна. 2011 онд "Фукушима Дайичи" атомын цахилгаан станцаас цацраг идэвхт бодис алдагдсаны дараа тус станцаас 20 км радиус дотор оршин суугч 160 орчим мянган хүнийг нэн даруй нүүлгэн шилжүүлж байгаа талаар олон улсын хэвлэлүүд шуугиж байсан. Гэхдээ энэ үеэр яарч сандарсан эзэддээ орхигдон цоожтой хашаа саравчны цаана олон мал амьтан үлдсэнийг онцолсон хэвлэл цөөхөн юм. Мацумура өөрийн тэжээвэр амьтнаа авахаар хөл хорио тогтоосон бүсэд эргэн очоод уяа, цоожинд дөнгөлүүлсэн олон амьтан үхэж үрэгдсэн байхыг олсон байна.

Энэ эмгэнэлт дүр зургийг хараад Мацумура амьд үлдсэн амьтдыг харж хамгаалахаар шийдэж онц бүсэд амьдрахаар үлджээ. Зөвшөөрөгдөх хэмжээнээс 17 дахин их хэмжээний цацраг идэвхт бодист хордож байгаа тэрээр амьтдыг авран хамгаалахад өөрийн амь биеэ зориулахад харамсах зүйлгүй гэж шийдсэн байна. Мөн ирэх 30-40 жилд цацрагийн хордлогоос үүдэлтэй өвчлөлд нэрвэгдэхгүй байх боломж бий гэх эрдэмтдийн үг түүнийг тайвшруулжээ. Амьтдыг арчилж, тэжээхэд олон нийт хандив тусламжаа харамгүй үзүүлж байгаа юм байна. Цацраг идэвхэд хордож, эзэддээ хаягдаж үлдсэн амьтдыг асран хамгаалахын тулд хөл хорио тогтоосон бүс дэх цор ганц оршин суугч болсон Мацумураг биширч, бахархаж байгаагаа олон хүн цахим ертөнцөөр илэрхийлж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Фукушимагийн баатар Наото Мацумура  
Үзсэн: 2102 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй