Шууд Chart

Энэтхэгт цаг агаар хэт халж байна

2016-04-16 13:58:03

Номхон далайн дулаан урсгал Эль Ниногийн нөлөөллөөс үүдэн сүүлийн 2 долоо хоногт Энэтхэгт цаг агаар хэт халж байна. Тус улсын Телингана, Андхра Прадеш зэрэг өмнөд мужуудад хэт халж байгаагийн улмаас олон арван хүн нас барсан талаар Би-Би-Си агентлаг мэдээллээ. Үүнтэй зэрэгцэн Энэтхэгийн зүүн нутаг дахь Орисса мужийн Бхубанешвар хотод агаарын хэм цельсийн 45 градус давжээ.

Энэ нь тус бүс нутагт дөрөвдүгээр сард бүртгэгдсэн агаарын хамгийн өндөр хэм болохыг мэргэжилтнүүд онцолж байна. Энэтхэгийн өөр хэд хэдэн бүс, тэр дундаа нутгийн хойд хэсгээр агаарын хэм цельсийн 40 градусаас дээш халжээ. Энэтхэгт муссон салхины нөлөөгөөр борооны улирал эхэлдэг зургаадугаар сараас өмнө агаарын температур халах нь хэвийн үзэгдэлд тооцогддог. Гэхдээ сүүлийн жилүүдэд хэт халалт эрт эхэлж байгаа нь шинжээч мэргэжилтнүүдийн анхаарлыг эрхгүй татаж байна.

Өнгөрсөн онд мөн Энэтхэгийн олон хэсэгт цаг агаар хэт халсны улмаас 2 мянга 300 гаруй хүн нас барж байсан. Ийнхүү 2 жил дараалан тохиож байгаа хэт халалтаас үүдэлтэйгээр тус улсад зарим нутагт ган гачиг үүсээд байна. Гэхдээ удахгүй эхлэх борооны улирлаар энэ ган гачиг тайлагдана гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Учир нь энэ онд Энэтхэгт жил тутмын дунджаас давсан хэмжээний хур тунадас унах төлөвтэй байгааг тус улсын ус цаг уур судлалын хүрээлэн мэдээлсэн юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Энэтхэгт цаг агаар хэт халж байна  
Үзсэн: 3492 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2016-04-16 20:21
hy6klgm.utf

Бидэнтэй нэгдээрэй