Шууд Chart

Кофе худалдаалагчдын дунд өрсөлдөөн ширүүсч байна

2016-04-18 12:10:49

Олон оронд кофенд дурлагсдын тоо жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна. Энэ хандлагыг даган кофе худалдаалагчдын хооронд ч өрсөлдөөн ширүүсч, хачирхалтай гэмээр олон тооны үйлчилгээг санал болгож эхэлжээ. Тухайлбал, Умард Каролинагийн “Бакь Аллей Рөүстерс” гэх кофены мухлагт, далайн түвшнээс хэдэн метрийн өндөрлөгт ургасан кофены буурцгийг таашаах эсэхээ хэрэглэгч өөрөө сонгох болсон байна. Кофены томоохон сүлжээ компаниудын байнгын үйлчлүүлэгчид ч энэхүү хувийн жижиг мухлагт кофены жинхэнэ амтыг хайн хүрэлцэн ирдэг болжээ.

"Starbucks" үндэстэн дамнасан сүлжээ ширүүн өрсөлдөөнд хэрэглэгчдээ алдахгүйн тулд мөн л ихээхэн хүчин зүтгэл гаргаж байгаа мэдээ байна. Тус сүлжээнээс кофе худалдан авахад кофены буурцаг хаана ургасан, ямар технологиор боловсруулагдаж, хэрэглэгчийн гарт хүрч байгаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг олгох болжээ. Мөн Сиатл хот дахь "Starbucks"-ийн сүлжээ кофены буурцгийг хуурахаас эхлэн эцсийн бүтээгдэхүүн бэлэн болох, амталгаа хийх хүртэлх үйл явцтай хэрэглэгчийг танилцуулдаг тусгай байр нээсэн байна.

Түүнчлэн тус сүлжээ мөстэй кофе бэлтгэхдээ чанасан халуун кофег хөргөж ашигладаг байсан бол, одоо буцалгалгүй тусгай аргаар хүйтэн кофе бэлтгэх болжээ. Кофены сүлжээний эзэд кофены буурцгаа олон улсаар аялан, өөрийн биеэр шилж сонгож байна. Ийнхүү дэлхий даяар кофенд дурлагсдын тоо олшрохыг даган салбарын үйлдвэрлэгчид өрсөлдөөнд ялан гарахын тулд шинэ санааны эрэлд цаг заваа харамгүй зориулж байгааг шинжээчид онцолж байна. Өнгөрсөн зуунуудад цай хамгийн алдартай ундаанд тооцогддог байсан бол хөгжил дэвшлийн эрч улам бүр хурдсаж байгаа өнөөгийн завгүй эринд амьдрагч хүмүүс кофе гэх эрч хүчийн ундааг илүү таашааж байгааг эндээс харж болох юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Кофе худалдаалагчдын дунд өрсөлдөөн ширүүсч байна  
Үзсэн: 748 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй