
Японы өмнөд хэсэгт оршдог Кюүшюү арал буюу Кумамото мужид газар хөдлөлт болсон тухай бид өнгөрсөн баасан гарагт та бүхэнд шуурхай мэдээлж байсан. Тэгвэл газар хөдлөлттэй холбогдсон шинэ мэдээ ирсээр байна. Японы холбогдох албаныхны мэдээлснээр тус мужид нэг биш, харин 2 удаа хүчтэй газар хөдлөлт болжээ.
Эхний газар хөдлөлтийн голомт Машики нэртэй сууринд байсан. Тус сууринд өнгөрсөн бямба гарагт дахин 7,4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон гэж шинжээчид үзэж байна. Газар хөдлөлтийн улмаас зарим бүс нутагт эрчим хүч тасарсан нь дараа нь болсон дайвар чичиргээнүүдийн хүчийг нарийвчлан хэмжихэд саад учруулсан байна. Иймээс шинжээчид албан хэмжилтэд бус, харин хохирлын хувь хэмжээнд үндэслэн 2 дахь газар хөдлөлтийн хүчийг 7 балл давсан гэж дүгнэж байгаа юм. Эрлийн баг нурангид дарагдсан хүмүүсийг хайх ажлаа үргэлжлүүлсээр байна.
Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр хоёр дахь газар хөдлөлтийн улмаас наад зах нь 32 хүн амь үрэгдэж, амь үрэгдсэн хүний нийт тоо 41-т хүрсэн, Минамиасо тосгонд 11 хүн сураггүй байгаа, мөн мянга гаруй хүн гэмтэж бэртэн, эмнэлгийн туслалцаа авсан, 200 гаруй хүний биеийн байдал хүнд байгаа гэх мэдээ байна. Орон гэрээс нь нүүлгэн шилжүүлсэн 180 мянга гаруй хүн түр орогнох байр, орон нутгийн сургуулиудад байрлаж байна. 72 мянган өрх айлд эрчим хүч тасарсан, 300 мянган өрх айлд цэвэр ус тасарсан аж.
Хүчтэй газар хөдлөлтийн дараа үүсдэг дайвар чичиргээ дахин үүсч магадгүйг холбогдох албаныхан анхааруулж байна. Үүнээс гадна өчигдөр өглөөг хүртэл орсон ширүүн борооны улмаас хөрсний гулгалт үүсэх аюултай болсон байна. Иймээс олон арван хүн орон гэртээ харилгүй, түр орогнох газарт үргэлжлүүлэн байрлахаас аргагүйд хүрээд байгаа юм.
КУМАМОТО: Газар хөдлөлтийн дараах чичиргээ дахин мэдрэгдэж магадгүй | ||
Үзсэн: 818 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.