
Их Британид Европын холбооны гишүүнчлэлээс татгалзах эсэх тухай бүх нийтийн санал хураалт зохион байгуулагдах өдөр ойртсоор байна. Үүнтэй зэрэгцэн тус улс Европын холбооноос гарсан нөхцөлд Их Британийн эдийн засагт хэдий хэмжээний хохирол учрахыг тус улсын сангийн яам тооцоолжээ. Яамны нийтэлсэн 200 хуудас бүхий тайлангаас үзэхэд Их Британи Европын холбоог орхивол, 2030 он гэхэд тус улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ одоогийн үзүүлэлтээс 6 хувиар буурах төлөвтэй байна.
Европын холбооноос гарснаар Их Британийн экспортод учрах худалдааны хориг саад нэмэгдэхтэй энэ нь холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна. Мөн Их Британид дотоод, гадаадын хөрөнгө оруулалт буурч магадгүй байгаа нь тус улсын эдийн засагт таагүй нөлөө үзүүлэхийг шинжээчид анхааруулжээ. Ингэснээр олон компани Европын холбооны нэгдсэн зах зээлд үйл ажиллагаагаа явуулахын тулд үйл ажиллагаагаа бүхэлд нь, эсвэл хэсэгчлэн Европын холбооны бусад оронд шилжүүлэх үзэгдэл ажиглагдаж магадгүй байна.
Харин Их Британийг Европын холбооны гишүүнчлэлээс татгалзах нь зүйтэй гэх талыг баримтлагчид дээрх тайланг засгийн газраас захиалгаар бэлдүүлсэн суртал ухуулгын шинж чанартай тайлан хэмээн шүүмжилж байна. Ирэх зургаадугаар сарын 23-нд товлогдсон бүх нийтийн санал асуулгаар Их Британийн ард түмэн Европын холбоонд үлдэх эсэхээ шийдэх юм.
Их Британи Европын холбоог орхивол эдийн засаг нь 6 хувиар буурна | ||
Үзсэн: 1334 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.