Шууд Chart

Индонезид байгальд ээлтэй гялгар уут үйлдвэрлэж байна

2016-04-19 09:40:51

Индонез улсын Засгийн газар байгаль орчин бохирдуулагч гялгар уутны хэрэглээг багасгах шат дараалсан алхмуудыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн тус улсын иргэд худалдаж авсан бараа бүтээгдэхүүнийхээ гялгар уутанд нэмэлт төлбөр төлөх болжээ. Индонезийн Байгаль орчин, ойн яамны мэдээгээр тус улсад минут тутамд 1 сая гаруй гялгар уут хэрэглэгддэг гэх тооцоо байна.

Гялгар уутны хэрэглээг багасгахын тулд жижиглэн худалдаа эрхлэгч компаниуд гялгар уутанд савласан бүтээгдэхүүн бүрээ 1.5 цент нэмж худалдаалах үүрэг хүлээжээ. Хэрэглэгчдийн дунд гялгар уутны хор хөнөөлийг таниулах, хэрэглээг бууруулах зорилготой энэ шийдвэрийг худалдаа эрхлэгчид дэмжиж байгаа юм. Үүнтэй зэрэгцэн байгальд ээлтэй уут үйлдвэрлэдэг орон нутгийн компаниудын нэр хүнд, ашиг орлого өсч байгаа мэдээ ирж байна.

Тухайлбал, Индонезийн Энвипласт компани кассавагийн гурил, ургамлын тосоор гялгар ууттай адил харагддаг ч байгальд ээлтэй уут үйлдвэрлэж байгааг хэрэглэгчид ихэд сонирхох болжээ. Ердийн гялгар уут байгальд задрахад 100 гаруй жил шаардлагатай бол Энвипластын эко гялгар уут ердөө 2-3 сарын хугацаанд бүрэн задардаг юм байна. Индонезийн Ява арал дээрх хог хаягдлын 65 орчим хувь нь хуванцар, удаан задардаг хог хаягдал байгааг 2013 оны судалгаагаар тогтоосон байдаг.

Иймээс гялгар уутны хэрэглээг бууруулах асуудал тус улсын хүрээлэн буй орчныг хамгаалахад амин чухал нөлөө үзүүлнэ гэж шинжээчид тайлбарлаж байна. Одоогоор Энвипласт компани сар бүр 200 тонн байгальд ээлтэй гялгар уут үйлдвэрлэж байна. Эдгээр уутыг дотоодын зах зээлд нийлүүлэхээс гадна Герман, Энэтхэг, Өмнөд Солонгос, Шинэ Зеланд зэрэг улс руу худалдаалж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Индонезид байгальд ээлтэй гялгар уут үйлдвэрлэж байна  
Үзсэн: 961 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй