
Украины шүүх ОХУ-ын тусгай хүчний хоёр цэргийн шүүх ажиллагааг өндөрлөж, ялын тогтоолыг танилцууллаа. Оросын Евгений Ерофеев, Александр Александров гэх хоёр цэрэг Зүүн Украин дахь салан тусгаарлагчидтай хамтран зэвсэгт мөргөлдөөнд оролцсон, терроризм болон бусад хэрэгт буруутгагдаж, 14 жил хорих ял сонссон байна. Евгений Ерофеев, Александр Александров нарыг өнгөрсөн оны тавдугаар сард Зүүн Украинаас барьсан юм.
ОХУ Украины босогчдод цэрэг зэвсгийн туслалцаа үзүүлсэн гэх мэдээллийг тус улсын Батлан хамгаалах яам няцааж байгаа. Мөн Евгений Ерофеев, Александр Александров нар Украин руу явж, зэвсэгт босогчидтой нийлэхээсээ өмнө арми дахь албан тушаалаа хүлээлгэн өгсөн гэж мэдээлж байна. Олон улсын зүгээс оросын цэргүүд хүнд ял сонсох нь гарцаагүй гэж үзэж байсан. Харин шүүх ажиллагаанд цэргүүдийг өмгөөлж байсан хуульчид өөрсдөд нь энэ хэргээс татгалзах дарамт шахалт ирж байсан талаар мэдэгджээ. Өнгөрсөн сард Александровын өмгөөлөгч Юрий Грабовский барьцаалагдаж, үл мэдэгдэх этгээдүүдийн гарт амь үрэгдсэн юм.
Украины прокурорууд энэ хэргээр мөрдлөг шалгалт явуулж байгаа ч одоогоор нэг ч хүнийг тус хэрэгтэй холбогдуулан баривчлаагүй байна. Оросын цэргүүдийг Украины Засгийн газар ялтан солилцоогоор эх оронд нь шилжүүлж магадгүй гэх таамаг яригдаж байна. Өнгөрсөн сард ОХУ-ын шүүх Украины нисгэгч Надежда Савченког Оросын хоёр сэтгүүлчийн аминд хүрсэн хэрэгт буруутган 22 жил хорих ял оноосон. Үүний дараагаас талуудын хооронд ялтан солилцох асуудлыг хэлэлцэж эхлээд байгаа юм.
Украины шүүх ОХУ-ын хоёр цэрэгт 14 жил хорих ял оноолоо | ||
Үзсэн: 1018 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.