Шууд Chart

Эквадорын газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо 413-т хүрлээ

2016-04-19 12:48:31

Эквадор улсын эрэг орчмын нутгаар 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Нурангид дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжлэх хооронд амь үрэгдсэн хүний тоо нэмэгдсээр байна. Хамгийн сүүлд ирсэн мэдээгээр газар хөдлөлтийн улмаас 413 хүн амь насаа алдсаныг холбогдох албаныхан баталгаажууллаа. Энэ тоо нь өнөө өглөө ирж байсан мэдээнээс даруй 60 гаруйгаар нэмэгдсэн үзүүлэлт юм. Өчигдөр нуранги дороос 6 хүн, тэдгээрийн дотор 9 сартай болон 3 настай хоёр охиныг аврагчид эсэн мэнд гарган авсан байна.

Эрлийн багийнхан амьд үлдсэн хүмүүсийг илрүүлэх, аврахыг эн тэргүүнд зорьж ажиллаж байгаа юм. Энэ удаагийн газар хөдлөлтийн улмаас учирсан гарз хохирлыг арилгахад олон тэрбум доллар шаардлагатай байгааг Эквадорын Ерөнхийлөгч мэдэгдлээ. Газрын тосны экспортоос төсвийн орлогынхоо чамгүй хувийг бүрдүүлдэг тус улсын эдийн засагт хар алтны үнийн уналт дээр нэмэн энэ удаагийн газар хөдлөлт хүнд цохилт болсныг мэргэжилтнүүд онцолж байна.

Үүнтэй холбогдуулан Эквадорт олон орон тусламжийн гараа сунгахаа илэрхийллээ. Эквадорын Сангийн яам мөн Хятадын Хөгжлийн банкнаас 2 тэрбум долларын зээл авах болсноо зарласан байна. Гэхдээ энэ хөрөнгийг ямар зорилгод зарцуулах нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Эквадорын газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо 413-т хүрлээ  
Үзсэн: 635 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй