
Мьянмарын цэргийн эрх мэдэлтнүүдийн боловсруулсан одоо үйлчилж байгаа үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж тус улсын төрийн зөвлөх Аун Сан Су Чи үзэж байна. Тэрээр өчигдөр Мьянмарын уламжлалт шинэ оныг тохиолдуулан ард иргэддээ үг хэлэх үеэрээ энэ сэдвийг хөнджээ.
Өнгөрсөн сонгуулиар Мьянмарт эрх баригч болсон Ардчиллын төлөөх үндэсний холбоо намын тэргүүн Аун Сан Су Чи хүүхдүүдийнхээ иргэний харьяаллаас үүдэн Мьянмарын үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгчөөр сонгогдож чадаагүй ч төрийн зөвлөх гэх тусгай албыг өөртөө зориулан нээлгэсэн юм. Түүнийг олон улсын зүгээс Мьянмарын де факто удирдагч гэж тодорхойлоод байгаа. Иймээс ч өчигдөр телевизээр ард түмэндээ хандан хэлсэн үг нь олон улсын анхаарлын төвд байлаа.
Аун Сан Су Чи олон улсын хөгжил дэвшилтэй Мьянмар улс хөл нийлүүлэхийн тулд тус улсын ард иргэд бусад орны иргэдээс хоёр дахин илүү хөдөлмөрлөж, хичээл зүтгэл гаргах хэрэгтэй гэж мэдэгдсэн байна. Мөн Мьянмарыг бүрэн утгаар нь ардчилсан улс болгохын тулд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатайг Аун Сан Су Чи онцолжээ. Гэхдээ үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд парламентын нийт суудлын 4-ний нэгийг эзэлдэг цэргийн эрх мэдэлтнүүдийн төлөөлөл хориг тавьж магадгүй гэж олон улсын шинжээчид үзэж байна.
Мьянмарын үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг уриалав | ||
Үзсэн: 1168 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.