Шууд Chart

АНУ Иракт 200 цэрэг илгээнэ

2016-04-19 13:06:58

АНУ "Исламын улс" алан хядагч бүлэглэлтэй тэмцэхэд тусламж үзүүлэх зорилгоор Ирак руу 200 цэрэг нэмж илгээхээр болжээ. Ингэснээр Ирак дахь АНУ-ын цэргийн нийт тоо 4,100-д хүрэх юм байна. Мөн АНУ-ын Апачи байлдааны нисдэг тэргийг Иракт "Исламын улс" бүлэглэлийн эсрэг тэмцэлд анх удаа ашиглахаар болжээ. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картер Иракийн нийслэл Багдад хотноо айлчлал хийж, тус улсын ерөнхий сайд Хайдер Аль-Абадитай уулзах үеэрээ энэ тухай зарласан байна.

Үүнээс гадна "Исламын улс" алан хядагч бүлэглэлийн тэмцэлд оролцож байгаа Ирак дахь курдын автономит бүс нутгийн зэвсэгт  дайчдад АНУ 400 гаруй сая долларын тусламж үзүүлэхээр болсон байна. Шинээр илгээх 200 цэргийн дийлэнх хэсэг нь тусгай хүчний албан хаагчид байна гэж Ассошиэйтед Пресс агентлаг мэдээллээ.

Мөн сургагч багш, аюулгүйн хүчний албан хаагчид, Апачи байлдааны нисдэг тэрэгт засвар үйлчилгээ үзүүлэх баг багтсан байна. Апачи нисдэг тэргийг Иракийн 2 дахь том хот болох Мосул хотыг "Исламын улс" бүлэглэлийн хяналтаас чөлөөлөхөд ашиглах төлөвлөгөөтэй байгаагаа АНУ-ын батлан хамгаалахын сайд мөн мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

АНУ Иракт 200 цэрэг илгээнэ  
Үзсэн: 1075 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй