Шууд Chart

Авто машинд хоноглож байгаа иргэд гүний венийн тромбозоор өвчилжээ

2016-04-20 13:02:08

Японы зүүн өмнөд хэсэгт болсон газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хүний тоо дахин нэмэгдэж, 47-д хүрлээ. Нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд хамрагдсан 100 мянга гаруй хүн түр хоргодох байр, мөн авто машиндаа хоног төөрүүлсээр байна. Үүнээс үүдэлтэйгээр авто машинд байрлаж байгаа хүмүүсийн дунд нийтлэг төрлийн өвчлөл гарах болсон нь Японы эрх баригчдын санааг зовоосон бас нэг асуудал болжээ.

"Эн-Эйч-Кей" сувгийн мэдээлснээр Кумамото хотод болсон газар хөдлөлтөөс хойш авто машиндаа хоноглож байсан 51 настай эмэгтэйн бие даваа гарагт гэнэт муудаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Үүнээс удалгүй нас барсан энэ эмэгтэйн үхлийн шалтгаан гүний венийн тромбоз гэх өвчин байж болзошгүй гэж эмч нар дүгнэж байна. Хямд зэрэглэлийн нислэгээр олон цаг зорчиж байгаа хүн энэ өвчинд нэрвэгдэх тохиолдол байдаг.

Хязгаарлагдмал зай, талбайд хөдөлгөөнгүй удаан хугацааг өнгөрөөсөн үед венийн судас бөглөрч, гүний венийн тромбоз үүсдэг байна. Нас барсан эмэгтэйгээс гадна 20 орчим хүн мөн өвчнөөр эмнэлэгт хүргэгдсэний хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа юм. Иймээс авто машиндаа хоноглож байгаа иргэдэд энэ өвчний талаар мэдлэг ойлголтыг сайжруулах, идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр өвчнөөс урьдчилан сэргийлж болохыг таниулах арга алхмыг орон нутгийн эрх баригчид авч эхэлжээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Авто машинд хоноглож байгаа иргэд гүний венийн тромбозоор өвчилжээ  
Үзсэн: 1455 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй