
Өнгөрсөн бямба гарагт 7.8 баллын газар хөдлөлтөд нэрвэгдсэн Эквадорын эргийн бүс нутагт улс орнууд төдийгүй олон улсын байгууллагууд тусламжийн гар сунгаж байна. Газар хөдлөлтийн улмаас олон мянган хүн орон гэргүй болж, цэвэр усны хүрэлцээ хангамж муугаас төрөл бүрийн өвчлөлд өртөх магадлал өндөрсөөд байна.
Үүнтэй холбогдуулан Дэлхийн хүнсний байгууллага 8 мянга гаруй хүнд хүрэлцэх хүнсний тусламжийг Эквадорт илгээсэн байна. НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар ирэх 48 цагийн дотор түр орогнох майхан, шумуулны тор зэрэг барааг нисдэг тэргээр хүргэхээр төлөвлөж байна. Үүнээс гадна Оксфам байгууллага ундны ус зөөвөрлөн, туслалцаа үзүүлж эхэлжээ. Мөн Сейв де Чилдрен олон улсын байгууллага гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн хүүхдүүд сургууль завсардахаас сэргийлэхийн тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байгаагаа мэдэгдлээ. Аврах ажиллагаа үргэлжлэх хооронд амь үрэгдсэн хүний тоо 443-т хүрсэн мэдээ байна.
Энэ дунд Умард Ирланд, АНУ, Канад зэрэг гадаад орны иргэд байсныг албан эх сурвалжууд баталгаажуулжээ. Мөн гэмтэж бэртсэн хүний тоо мянга гаруйгаар өссөн, 231 хүн одоог хүртэл ор сураггүй байгаа гэх мэдээг холбогдох албаныхан өгч байна.
Олон Улсын байгууллагууд Эквадорт тусламж илгээж эхэллээ | ||
Үзсэн: 1005 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.