Хятадын Шанхай хотын “Нью Уорлд” их дэлгүүр үйлчлүүлэгчдийг өөртөө татах хачирхалтай санаа сэдэж, аварга том гулгуур ашиглалтад орууллаа. Дэлгүүрийн тавдугаар давхраас доош татсан энэ гулгуурын тусламжтайгаар нэгдүгээр давхар руу 16 секундын дотор буух боломжтой. 20 метр өндрөөс доош үргэлжлэх 54 метр урттай энэ аварга гулгуураа Шанхайн их дэлгүүр “Жаргалтай гулгуур” гэж нэрлэсэн байна. Гэхдээ гулгуурыг харсан үйлчлүүлэгчдэд нэн түрүүн төрдөг сэтгэгдэл нь аз жаргал гэхээсээ илүүтэй айдас, догдлол гэнэ.
Зүрх судасны өвчингүй, 7-50 насны хэн бүхэнд энэ гулгуураар гулгах боломж нээлттэй юм байна. “Нью Уорлд” дэлгүүр 20 метрийн өндрөөс доош гулгахад гарч болох аюул эрсдлийг нэг бүрчлэн тооцоолж, гулгуурыг байгуулахад нэг жил гаруйн хугацаа зарцуулсан аж. Дотоодын олон туршилт шалгуурыг давсан энэ гулгуурыг Засгийн газрын холбогдох албаныхныг ч урьж шалгуулжээ.
Өчигдөр аварга гулгуур ашиглалтад орж, эхний ээлжинд “Ви-Ай-Пи” статустай байнгын үйлчлүүлэгчдэд нээгдсэн байна. Эдгээр үйлчлүүлэгчдийн санал хүсэлтээр гулгуурт нэмэлт засвар, өөрчлөлт хэрэгтэйг тодруулж, үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцвэл тун удахгүй бүх хүнд нээлттэй болгох юм. Үүний дараа 7-50 насны хүн бүр зориг зүрх нь хүрвэл энэ гулгуураар үнэгүй гулгах боломжтой болох юм байна. Хэрэв та Шанхай хотыг зорих гэж байгаа бол тус хотын Пудон дүүрэг дэх “Нью Уорлд” их дэлгүүрээс энэ аварга гулгуурыг олох боломжтой юм.
Шанхай хотод 20 метр өндөртэй аварга гулгуур ашиглалтад орлоо | ||
Үзсэн: 1658 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.