Шууд Chart

Япон, Эквадорт болсон газар хөдлөлтүүд холбоотой юу?

2016-04-20 15:02:42

Өнгөрсөн бямба гарагт Япон, Эквадор улсад дараалан газар хөдлөлт болсны дараа 15,445 км алслагдсан энэ хоёр оронд болсон газар хөдлөлт холбоотой юу гэх асуултыг олон хүн асууж байна. Тэгвэл энэ асуултад эрдэмтэд үгүй гэх хариултыг өглөө. Далайгаар зааглагдсан улсууд дахь газар хөдлөлтийг ихэвчлэн хоорондоо холбоогүй гэж үздэг байна.

Гэхдээ тектоник хавтангийн онолын дагуу энэ хоёр улсын аль аль нь Номхон далайн тектоник хавтангийн зааг дагуу оршдог нь хэвлэлүүдийн анхаарлыг татаж, дээрх асуултыг дэвшүүлэх гол шалтгаан болсон юм. Дэлхийн гадаргуугийн литосфер нь нийтдээ 7 том, мөн олон жижиг тектоник хавтангуудад хуваагддаг. Эдгээр хавтангууд нүүсний улмаас газар хөдлөлт, галт уул дэлбэрэлт, уул үүсэх зэрэг үйл явц тектоник хавтангуудын хил зааг дагуу тохиолддог байна.

Япон, Эквадорын оршдог Номхон далайн “Галт цагираг” гэх тектоник хавтангийн зааг бүсэд дэлхий дээрх нийт газар хөдлөлтийн 90 орчим хувь, хүчтэй газар хөдлөлтүүдийн 81 орчим хувь бүртгэгддэг. Мөн дэлхийн идэвхтэй болон унтаа байдалтай галт уулсын 75 гаруй хувь буюу 452 галт уул энд оршдог юм. Гэвч Япон, Эквадор хоёрт энэ онолын дагуу нийтлэг тал байгааг үл харгалзан эрдэмтэд хоёр оронд тохиосон газар хөдлөлтийг холбоогүй гэж мэдэгдсэнийг BBC уламжиллаа.

Газар хөдлөлтийн хүчний хувьд, Эквадорт болсон газар хөдлөлт Японыхоос 16 дахин хүчтэй байсан гэх тооцоо гарчээ. Бямба гарагт болсон Японы хоёр дахь газар хөдлөлт 7,4 магнитуд, харин Эквадорт орон нутгийн цагаар бямба гарагаас ням гарагт шилжих шөнө болсон газар хөдлөлт 7,8 магнитуд хүчтэй байсан. Жилд эдгээртэй ойролцоо буюу 7-7,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт ойролцоогоор 15 удаа бүртгэгддэг байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Япон, Эквадорт болсон газар хөдлөлтүүд холбоотой юу?  
Үзсэн: 1763 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй