Шууд Chart

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Нью-Йорк хотыг зорив

2016-04-20 15:15:14

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Сү Ён Парисын гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцохоор АНУ-ын Нью-Йорк хотыг зорилоо. Өнгөрсөн оны 12 дугаар сард Францын нийслэл Парис хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлаар 2020 оноос Киотогийн протоколын халааг авах олон улсын шинэ суурь конвенцийг баталсан.

Энэ баасан гарагт Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд тус гэрээнд гарын үсэг зурах ёслол зохион байгуулагдах юм. Гарын үсэг зурах ёслолд 130 орчим орны төлөөлөл оролцоно. Тэдний нэг болох Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Сү Ён өчигдөр Пхеньянаас Хятадын нийслэл Бээжин хотод хүрэлцэн очиж, дараа нь Нью-Йорк хотыг зорьжээ.

Умард Солонгосын өнгөрсөн нэгдүгээр сард хийсэн цөмийн туршилт, мөн сүүлийн саруудад явуулсан хэд хэдэн удаагийн пуужингийн туршилт хөрш орнуудынх нь төдийгүй АНУ-ын зүгээс ширүүн шүүмжлэл дагуулсан. Мөн асуудалтай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд нэмэлт хориг арга хэмжээний тогтоолыг нэгэн дуугаар батлан, хэрэгжүүлж эхлээд байгаа.

Энэ үеэр Умард Солонгос Парисын гэрээнд гарын үсэг зурах ёслолоор дамжуулан олон улсад тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд дэлхий нийттэй хамтран ажиллах хүсэл сонирхолтой байгаа гэдгээ харуулахыг оролдож байна гэж шинжээчид дүгнэж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Нью-Йорк хотыг зорив  
Үзсэн: 662 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй