Шууд Chart

Өнөөдөр Английн хатан хаан 90 нас хүрлээ

2016-04-21 10:23:12

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хатан хаан II Элизавета хаан ширээнд суугаад өдгөө нэг жарныг ардаа орхижээ. Тэрбээр 1926 оны дөрөвдүгээр сарын 21-ний энэ өдөр төрсөн боловч ойн баярыг нь жил бүрийн зургаадугаар сард тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд ч тэрбээр тэрхүү уламжлалаа дагаж, жинхэнэ төрсөн өдрөө хөрөг зураг даруулан өнгөрүүлэхээр шийдсэн байна. Түүний зургийг нэрт хөрөг зурагчин Annie Leibovitz авсан бөгөөд тэрбээр өөрийн ач, зээ нартайгаа болоод хайртай амьтадтайгаа зургаа даруулсан ажээ.

Хатан хааны талаарх сонирхолтой баримтуудыг дурдахад түүнд үнэт эдлэлийн арвин баялаг цуглуулга бий. Үнэт эдлэлийнх дийлэнх нь гоёмсог титэм бөгөөд заримыг нь үе уламжлан өвлөн авсан бол зарим нь бэлгэнд иржээ. Тухайлбал, дэлхийн хамгийн том ягаан алмааз бүхий титэм болон Австралийн нэгэн зүйл модны навчийг дүрсэлсэн асар үнэтэй энгэрийн зүүлтийг тус улсын Засгийн газраас түүнд бэлэглэж байсан юм.

Хатан хаан 1992 онд “Sun” сонины шүүхэд өгч байсан удаатай. Тус сонин хатан хааны ард түмэндээ хандаж хэлэх гэж байсан үгийг хоёр өдрийн өмнө хэвлэчихсэн аж. Эрхэм дээдсийг шүүхэд хандсаны дараа сонин түүнээс хүлцэл өчиж, 200 мянган ам.долларын торгууль төлснийг буяны байгууллагад хандивлаж байжээ.

Түүнчлэн Хатан хааны эзэмшилд 88 хун багтдаг. Хатан хааны эрхэмсэг хунгууд Темза голд тусгай хамгаалагчийн халамж асаргаанд нутаглаж байдаг.  Тэднээс гадна Их Британийн бүх гол мөрөнд байх халим, дельфин, аварга загаснууд хатан хааны эзэмшилд багтдаг юм. 1324 онд II Эдвард хаан улсынхаа нутаг дэвсгэрт байх бүх гол мөрний халим, аварга загасуудыг хааны мэдлийнх гэж тунхагласан нь өнөө хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа аж.

Олон нийтийн хамгийн түгээмэл хэрэгсэл болсон фэйсбүүкт хатан хаан 2010 оны арваннэгдүгээр сард нэгдсэн бол  түүнээс жилийн өмнө 2009 онд “Twitter”-т нэгдсэн байна. Мэдээж, хатан хаан өөрөө жиргэдэггүй бөгөөд Букингэмийн ордныхон шинэ мэдээ мэдээллээ үүгээр дамжуулан цацдаг. Хатан хааны “Twitter” өөрөө ганцхан л хуудас дагадаг нь Уэльсийн хунтайжийн албан өргөө болох Кларенсийн ордны “Twitter” юм.  

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Өнөөдөр Английн хатан хаан 90 нас хүрлээ  
Үзсэн: 1833 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй