
Цаасан дээрх хоёр хэмжээст хэвлэлийн эрин үе ард хоцорч, төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнийг гурван хэмжээстээр хэвлэх боломж нээгдээд удаагүй байна. Тэгвэл Хятадын эрдэмтэд сансарт ашиглах зориулалттай гурван хэмжээст хэвлэгч төхөөрөмж бүтээсэн нь тус улсдаа анхдагч юм. Татах хүчгүй орчинд ажиллах боломжтой энэ хэвлэгчийг Хятадын шинжлэх ухааны академи, Чунцины байгальд ээлтэй, ухаалаг технологийн хүрээлэн хамтран бүтээжээ. Өнгөрсөн сард Францын Бордо хотноо хэвлэгч төхөөрөмжийн ажиллагааг амжилттай туршсан билээ.
Сансрын станцад ашиглахад тусгайлан зориулсан энэ хэвлэгч төрөл бүрийн хэмжээтэй таталцал бүхий орчинд хэвийн ажиллах боломжтой юм. Зохион бүтээгчдийн өгсөн мэдээллээр сансрын энэхүү гурван хэмжээст хэвлэгч АНУ-ын сансар судлалын агентлаг НАСА өнгөрсөн сарын сүүлээр сансарт хөөргөсөн гурван хэмжээст хэвлэгчээс 20 хувиар том, овор хэмжээтэй юм байна.
Сансрын нисгэгчид энэ хэвлэгчээр хэрэгцээтэй багаж төхөөрөмж, судалгаанд ашиглах бүрдэл хэсгийг хэвлэх, гарсан эвдрэлийг засварлах боломжтой. Ингэснээр Олон улсын сансрын станцад дэлхийгээс илгээдэг ачаа тээврээс хараат байдал буурч, бие даан үйл ажиллагаа явуулах боломж нэмэгдэнэ гэдгийг шинжээчид онцолж байна. Цаашид Хятадын эрдэмтэд сансрын гурван хэмжээст хэвлэгчээ бага зэрэг засч сайжруулсны дараа сансарт илгээх төлөвлөгөөтэй байгаа юм.
БНХАУ-ын эрдэмтэд сансрын гурван хэмжээст хэвлэгч бүтээжээ | ||
Үзсэн: 1388 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.