Шууд Chart

Австралид олон улсын хүнсний үзэсгэлэн яармаг нээгджээ

2016-04-21 12:14:29

Австралийн Квинсленд хотод олон улсын хүнсний үзэсгэлэн яармаг болж байна. Австрали тивд зохиогддог хүнсний бүтээгдэхүүний хамгийн том үзэсгэлэн яармагт бүх төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ оролцож байгаагаас гадна шавжаар хийсэн хоол хамгийн эрүүл мэндэд тустай хүнсээр тодорчээ. Мөн наадмын үеэр бүх төрлийн түргэн хоол, кофе, коктейл хийх өндөр шагналын сантай ур чадварын тэмцээнүүд зохиогдсон нь олон зочны сонирхлыг татсан байна. Эдгээрээс тухайлбал, кофе чанах тэмцээний ялагч 14 минутанд 14 аяга дээд зэргийн экспрессо кофе найруулж, 400 мянган америк долларын шагнал хүртжээ.

Амт чанар сайтай хүнсний ногоо, гахай, үхрийн мах худалдан авагчийн тоо урьд жилүүдийн адил өндөр байлаа. Гэхдээ шавжаар хийсэн хоол, хүнсний бүтээгдэхүүний тасгийг хамгийн их хүн үзэж сонирхжээ. Шарсан царцаа, чанаж болгосон өт, голиогоор хийсэн нухаш, авгалдайгаар хийсэн амттанг худалдаж авах хүмүүс цөөн байсан ч, амсаж шинэ зүйл турших хүсэлтэй иргэн олон байсан байна.

Америкийн хүнс, газар тариалангийн төвийн судалгаагаар шавж нь хүнд хэрэгтэй амин дэм, уургаар хамгийн баян хүнсний бүтээгдэхүүний нэгээр зүй ёсоор тодорчээ. Шавжаар хооллох үзэгдэл ирээдүйд аль ч үндэстний хувьд хэвийн үзэгдэл болно гэдэгт судалгааны олон байгууллага итгэлтэй байна. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа ч ийм өдөр ирэхэд ойрхон байгааг нотоллоо гэж цөөнгүй хэвлэлд дүгнэжээ. Квинслендэд болсон хүнсний бүтээгдэхүүний олон улсын үзэсгэлэн яармаг гурван өдөр үргэлжилж, өнгөрсөн мягмар гарагт өндөрлөсөн.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Австралид олон улсын хүнсний үзэсгэлэн яармаг нээгджээ  
Үзсэн: 654 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй