
2011 оны долоодугаар сард Норвегийн нийслэл Осло хотод бөмбөг дэлбэлж, дараа нь Утоя арал дахь залуучуудын зусланд гал нээн 69 хүний аминд хүрсэн Андерс Брейвикийн талаар шинэ мэдээ ирж байна. 21 жил хорих ял сонссон тэрээр ганцаарчлан хоригдох явцдаа хүнлэг бус, хэрцгий харьцааны хохирогч болж, өөрийн суурь эрхээ зөрчүүлсэн гэж Засгийн газрынхаа эсрэг зарга үүсгэснийг Осло хот дахь дүүргийн шүүх үндэстэй гэж үзжээ.
37 настай Андерс Бревикийг хоногийн 22-23 цагт гянданд ганцааранг нь тусгаарлаж, нүцгэлсэн нэгжлэг шалгалтад тогтмол хамруулдаг байсан нь Европын хүний эрхийн конвенцийн 3-р зүйлийг зөрчсөн хүнлэг бус, хэрцгий харьцаа мөн гэж шүүх шийдвэрлэсэн байна. Шүүх энэ шийдвэрээ танилцуулахдаа ардчилсан нийгмийн суурь зарчим болох хүний эрхийг дээдлэх, хамгаалах зарчим алан хядагчид, хэт даврах үзэлтнүүдэд ч ижил тэгш үйлчлэх ёстой гэж мэдэгдлээ.
Дүүргийн шүүхээс Брейвикийг гянданд хорих нөхцөлийг хөнгөвчлөх, мөн Норвегийн Засгийн газар хүнлэг бус, хэрцгий харьцааны хохирогч болсон Брейвикт 40.600 америк долларын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргасан байна. Норвегийн Засгийн газар дүүргийн шүүхийн энэ шийдвэрийн эсрэг давж заалдах эрхтэй юм.
Алан хядагч Андерс Брейвикийн эрх зөрчигдсөн гэж Норвегийн шүүх шийдвэрлэв | ||
Үзсэн: 793 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.