Шууд Chart

НАТО, ОХУ-ын хамтарсан зөвлөлийн уулзалт боллоо

2016-04-21 13:15:33

Умард Атлантын гэрээний байгууллага НАТО-ОХУ-ын хамтарсан зөвлөлтэй уулзалт хийлээ. Энэ уулзалт сүүлийн 2 жил орчмын хугацаанд зохион байгуулагдаж байгаа талуудын анх удаагийн хамтарсан уулзалт гэдгээрээ хэвлэлүүдийн анхаарлын төвд байсан юм. Гэвч уулзалтаар Москва болон НАТО-гийн холбоотнууд хоорондох байр суурийн зөрүүгээ арилгаж чадсангүй гэж шинжээчид дүгнэж байна.

Энэ удаагийн уулзалт төлөвлөсөн хугацаанаас 90 минут гаруй сунаж үргэлжиллээ. Уулзалтын үеэр НАТО-гийн холбоотнууд ОХУ-тай Украин дахь нөхцөл байдал, талуудын цэрэг армийн үйл ажиллагаа, мөн Афганистаны дотоод болон ойролцоох бүс нутаг дахь аюулгүй байдлын асуудлаар шударга, няхуур хэлэлцээ өрнүүлсэн гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга мэдээлсэн байна.

НАТО-ОХУ-ын хамтарсан зөвлөл нь хүйтэн дайны үед дайсагнагч харилцаатай байсан хоёр талын хооронд яриа хэлэлцээний механизм үүсгэх зорилгоор 2002 онд байгуулагдсан юм. Гэхдээ 2014 онд ОХУ Крымын бүс нутгийг өөртөө нэгтгэн авсны дараа хамтарсан зөвлөл дахин уулзалт зохион байгуулалгүй өнөөг хүрчээ. Үүнээс гадна НАТО Оростой практикийн хамтын ажиллагаагаа зогсоогоод байгаа юм. Гэхдээ өчигдөр болсон уулзалтын үеэр НАТО-гийн удирдлага Москватай харилцах сувгаа нээлттэй байлгахын ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

НАТО, ОХУ-ын хамтарсан зөвлөлийн уулзалт боллоо  
Үзсэн: 1115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй