Шууд Chart

"Мицубиши Моторс" авто машинуудынхаа түлш зарцуулалтыг худал мэдээлжээ

2016-04-21 13:26:54

Японы авто машин үйлдвэрлэгч "Мицубиши Моторс" компанийн ажилчид авто машины түлш зарцуулалтын тоон үзүүлэлтийг худал мэдээлжээ. Мицубишигийн авто машины 2 загвар, мөн тус компаниас "Ниссан Мотор"-т зориулан үйлдвэрлсэн 2 өөр загварын авто машины түлш зарцуулалтын мэдээлэл алдаатай байсан байна.

Өчигдөр Японы нийслэл Токио хотод "Мицубиши Моторс"-ын ерөнхийлөгч Тэцуро Аикава энэ тухай олон нийтэд зарлалаа. Түүний мэдээлснээр 2013 оны зургаадугаар сараас хойш үйлдвэрлэгдэж, зах зээлд худалдаалагдсан Мицубиши “И-Кей Вейгон”, “И-Кей Спейс” гэсэн 2 загварын 157 мянган авто машин, мөн тус компаниас Ниссанд зориулж үйлдвэрлэсэн “Дейз”, “Дейз Рүүкс” зэрэг загварын 468 мянган авто машин Засгийн газарт хүргүүлсэн албан ёсны тоон мэдээнээс 5-10 хувиар илүү түлш зарцуулж байгааг тогтоосон байна. Ниссаны холбогдох албаныхан дээрх зөрүүг өнгөрсөн 11 дүгээр сард анзаарч, Мицубиши компанид хамтарсан шалгалт явуулах санал тавьжээ.

Энэ саналын дагуу явагдсан шалгалт сая өндөрлөж, түлш зарцуулалтын талаарх албан мэдээлэл алдаатай байгааг тогтоосон нь энэ юм байна. Мицубишигийн тайлбарласнаар тус компанийн инженерүүд төрөл бүрийн горимд явуулсан шалгалтын дундаж үзүүлэлтийг бус, хамгийн бага хувилбарыг мэдээлсэн байна. Энэ асуудалд холбогдсон 4 загварын авто машины худалдааг зогсоосон, цаашид гадаад улсад экспортолдог авто машинуудаа мөн хөндлөнгийн шалгалтад хамруулахаар төлөвлөж байгаа гэж Мицубишигийн удирдлага мэдээллээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

"Мицубиши Моторс" авто машинуудынхаа түлш зарцуулалтыг худал мэдээлжээ  
Үзсэн: 1831 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй